sonin.mn

БОГОТА. /ТАСС/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн орогнох эрхийн хугацааг Эквадорын эрх баригчид сунгажээ. Энэ тухай “El Universo” сонинд мэдээлсэн байна. Австралийн иргэн болох Ассанжид тус улс 2012 онд орогнох эрх олгосон юм.

“Хүний эрхийг, ялангуяа улс төрийн мөрдлөгийн золиос болсон хүмүүсийн эрхийг хамгаалах эртний уламжлалд үнэнч хэвээр үлдэн Жулиан Ассанжийн эрхийг хамгаалах үүргийнхээ хугацааг Эквадорын эрх баригчид сунгалаа” гэж тус улсын Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурдсаныг “El Universo” сонинд тэмдэглэжээ. “Ассанжид олгосон орогнох эрхийн хугацааг сунгаж, өөртөө аюулгүй газрыг олох хүртэл энэ хамгаалалтыг хэвээр үлдээх” тухай шийдвэр гаргаснаа Эквадорын эрх баригчид мөн мэдэгдсэн байна.

“Хэргийг нэн даруй зохицуулах” зорилгоор хүний эрхийн салбарт хамтран ажиллах тухай Шведийн эрх баригчдын саналыг Эквадорын Засгийн газар нэгэн зэрэг баталжээ.

Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд Ассанж хоёр дахь жилдээ орогнож байгаа юм. Шведийн Прокурор түүнийг баривчлахыг оролдсоор байна. Учир нь түүнийг тус улсад 2010 оны зун хүчингийн шинж чанартай хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин энэ хэргийг Ассанж эрс няцааж байгаа билээ.

Ассанжийг баривчлах зөвшөөрлийг 2010 оны 12 дугаар сарын 2-нд олгосон боловч Шведийн хуулийн дагуу сэжигтнийг эхлээд мөрдөн шалгах анхан шатны ажиллагааны хүрээнд байцаасан байх ёстой учраас одоог хүртэл түүнд албан ёсоор эрүү үүсгээгүй байгаа аж.

"Wikileaks" цахим хуудсыг үндэслэгчийг баривчлах олон улсын зөвшөөрлийг Шведийн давж заалдах шатны шүүх энэ сарын 20-нд татахаас татгалзжээ. Ассанжийг буруутгаж байгаа гэмт хэрэг анхаарахгүй үлдээж болохгүй хэтэрхий ноцтой гэж шүүх шатны байгууллага үзсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг