sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Есдүгээр сарын 21-нд Ангараг гарагийн тойрог замд орсон Америкийн судалгааны хиймэл дагуул Улаан нүдэн гарагийн агаар мандлын талаар анхны хосгүй мэдээллийг дэлхийд дамжуулжээ.

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA / мэдээлснээр, уг аппарат судалгааны багажуудын нэг болох хэт ягаан туяаны төхөөрөмжөө ашиглан “Ангараг гарагийн хүчилтөрөгч, устөрөгч, нүүрсхүчлийн хийнээс бүтсэн агаар мандлын титмийн дүрсийг авсан байна”.

“Энэ нь мэргэжилтнүүдийн өнөөг хүртэл авч чадсан Ангараг гарагийн агаар мандлын зураг дүрсүүдээс хамгийн бүрэн хэмжээний дүрс юм” гэж Колорадо муж улсын их сургуулийн Агаар мандал, сансрын физик судалгааны лабораторийн ажилтнуудын төсөлд оролцогчдын нэг болох Майк Чаффин мэдэгджээ.

Түүний хэлснээр, шинэ мэдээлэл нь “Улаан нүдэн гарагийн агаар мандлын дээд давхарга нь уг гарагийн маш сул татах хүчинд арай ядан тогтож байдаг гэдэг онолыг баталж байна”.

Үүнээс гадна, эрдэмтэд Ангараг гарагийн агаар мандал дахь озоны агууламжийн зураглалыг гаргаж, есдүгээр сарын 26-нд Наран дээр болсон дэлбэрэлтийн улмаас цацагдсан ионжсон өчүүхэн хэсгүүд энэ агаар мандалд хэрхэн нөлөөлж буйг ажиглаж чаджээ.

“Хиймэл дагуулд байгаа бүх багажийг ажиллагаанд оруулсан бөгөөд хараахан эцэслэн шалгаагүй боловч хэвийн ажиллаж байна” гэж Колорадо муж улсын их сургуулийн лабораторийн профессор, төслийн эрдэм шинжилгээний удирдагч Брюс Жаксон мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: