sonin.mn
КАНБЕРРА. /BBC/. Австралийн амьтны хүрээлэнд сүүлийн саруудад төрсөн уутат амьтдын дунд нэгэн амьтан онцгойрон харагдана. Энэ нь маш ховордсон цагаан уутат баавгайн /коала/ эм бамбарууш бөгөөд түүнд хараахан нэр өгч амжаагүй байгаа юм.
 
 
Австралийн Квинсландын амьтны хүрээлэнгийнхний хэлснээр коалагийн цагаан өнгө нь альбинизмаас болсон бус харин түүний эхээс удамшиж ирсэн гэж үзэж байна.
 
Ийм төрлийн коала баавгай байгальд зэрлэгээр амьдрахад маш хэцүү гэж судлаачид үздэг. Зэрлэг амьтдыг 20 жил судлах явцдаа ийм цагаан коала олж хараагүй гэж Квийнсланд их сургуулийн экологи судлаач, доктор Алистаир Мелзер хэлжээ.
 
Коалагийн хувьд бүргэд, шар шувуу гэх мэт олон махчин дайсан байдаг. Хамгийн гол асуудал нь үүн шиг цагаан өнгөтэй амьтны хувьд өнгөлөн далдлалт хийж нуугдах боломж байдаггүй ажээ.
 
Австралийн амьтны хүрээлэн болон аялал жуулчлалын байгууллагаас фэйсбүүк хуудсаараа дамжуулан уг цагаан коалад ямар нэр өгөх тал дээр тусламж хүссэн бөгөөд хэдэн мянган хүн уг мэдээллийг цааш нь бусдад түгээсэн байна. Одоогийн байдлаар "Цасан ширхэг", "Алмаз эрдэнэ", "Сувд", мөн австралийн уугуул нунгар хэлээр “цагаан үст” гэсэн утга илэрхийлдэг "Жендалади" гэх мэт нэрийг санал болгоод байгаа юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг