sonin.mn
Оюу Толгой нь Монгол улсын нийгмийн амьдралын бүхий л салбарт нөлөөгөө тусгах, хөгжилд нь эерэгээр нөлөөлөх томоохон үйлдвэрлэгч гэж ойлгогддог. Ийм ч учраас түүний дотор байгаа, ажил үүргээрээ холбогддог хүмүүсээс гадна түүний гаднах олон хүмүүс анхаарлаа байнга хандуулж байдаг. Ийм гаднах хүмүүс, компани, төрийн бус байгууллагууд анхаарлаа хандуулаад зогсохгүй судалж, дүгнэлт гаргаж байдаг. Миний бие далд уурхайн технологийн судлаачийн хувьд улс төр, эдийн засгийн зэрэг асуудлыг хөндөлгүйгээр зөвхөн далд уурхайн техникийн чанартай асуудлаар өөрийн санал бодол асуулт, эргэцүүлэл, дүгнэлтээс заримыг нь, Оюу толгойд анхаарлаа хандуулдаг хүмүүс уншиж, өөрсдийн ойлголт, асуулт, эргэцүүлэл, дүгнэлтэд хүрэхэд нь тус дэм болох болов уу хэмээн энэхүү нийтлэлээ хүргэж байна.
 
1. Хүдрийн ашиглалтанд бэлтгэсэн малталтуудаар үүсгэсэн том хэмжээний таазны нэгж талбайгаас нэгж үйлдвэрлэлийн хугацаанд, тухайлбал нэг хоногт нуралтаар унах хүдрийн хэмжээ тодорхойгүй байгаагаас хамааралтай бүтээгдэхүүний төлөвлөж байгаа хүчин чадал хангагдах эсэх нь тодорхойгүй байна.
 
2. Оюу толгойд, ер нь ижил технологитой бүх уурхайнуудад caveability-г илэрхийлэх, өөрөөр хэлбэл нэгж талбайгаас нэгж хугацаанд унах хүдрийн хэмжээг илэрхийлэх үзүүлэлт хэрэгтэй байгаа. Hydraulic Radius гээд нэг үзүүлэлт бий боловч энэ нь нэгж талбайгаас нэгж хугацаанд унах хүдрийн хэмжээг тодорхойлохгүй байна. Энэ талаар судалгааны ажил шаардагдаж байна.
 
3. Өөрөө нурдаг хүдэр дотуур олон тооны огтлолын (undercut) гэгддэг малталтуудыг нэвтрэх юм. Энэ нь маш хүнд, нэвтрэгч нарын ажлаас түрүүлж нурах, түр бэхэлгээтэй, өөрөөр хэлбэл хадаасан болон шүршмэл бетон бэхэлгээтэй хамт нурах хүндрэл үүсэх магадлал бий.
 
4.Дурдсан хүндрэлтэй нөхцөлд огтлолын ажлыг нэг биш хоёр түвшингийн зохиомжоор гүйцэтгэхээр байгаа нь хүндрэлийг улам нэмэгдүүлэх болно.
 
5. Нуралттай нөхцөлд нэвтрэлтийн ажлын явцад нэвтрэгчдийн хурдаас давж нуралт үүсэхэд ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэх тухай заавар байгаа юу, ийм шийдэл уурхай, уул уурхайн аврах байгууллага, бусад холбогдох байгууллагуудад байгаа болов уу гэсэн асуулт илүүдэхгүй.
 
6. Нэг утгатай хариултгүй асуулт бол хүдрийн нуралтын дотор томоор, 10м-ээр ярих хэмжээтэй уналт байх уу, үгүй юу гэсэн асуулт. Ийм уналт нуралтын тааз хүдэр буулгах малталтуудаас холдоогүй байхад тохиолдвол хэрхэх вэ, эсвэл тааз 100м-ээр ярих өндөрт байхад тохиолдвол үүнийг бүртгэж авч болох уу гэсэн асуултууд байна.
 
Харин сүүлийн жилүүдэд хамгийн чухал хэрэгцээт техникийн мэргэжилтэн бэлтгэх ажилд ач холбогдол өгч байгаа эсэх нь нэн бүрхэг байна. Техникийн шийдлийн дутагдлаас болж хичнээн сая доллар алдаж байгаа нь харагддаггүй, энэ нь бодохоос аймаар учир, ялангуяа улсын үйлдвэрийн захирлууд болон хувийн үйлдвэрийн мэргэжилтнүүд огтхон ч боддоггүй нь харамсалтай.
 
7. Мөн хүдэр томоор унах тохиолдолд нурсан хүдрийн дотор том хэмжээний хоосон зай үүсэх магадлалтай, хэрэв ингэвэл энэ нь хүдэр буух орчинд аюултай байдал үүсгэнэ.
 
8. Хэвгий ам гаргаж, хүдэр уурхайгаас гаргах бүтээмжийг нэмэгдүүлэх аргыг сүүлийн үед сонгож байгаа нь дэвшилттэй шийдэл мөн. Үүнд хоёр болон хэд хэдэн мөрөгцгөөр зэрэг нэвтрэлт явуулж нэвтрэлтийн ерөнхий хугацааг богиносгох асуудал яригдаж байгаа юу. Одоогийн босоо амнаас завсрын түвшин гарган ашиглах боломж бий юу.
 
9. Харин 6 км гаруй малталтын энэ урт конвейрын тээвэр роликт конвейртой байх уу, дугуйт конвейртой байхуу гэдэгталаар мэдээлэл аваагүй байгаа, бодвол энэ асуудал боловсруулагдаж байгаа биз ээ.
 
10. Оюу толгойн далд уурхай агааржуулалтын хүнд нөхцөлд ажиллах болно. Монгол улсын холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулсан байх ёстой.
 
11. Далд уурхай агаарын найрлагаас гадна агаарын дулааныг тааламжтай хэмжээнд байлгах нь нилээд төвөгтэй асуудал юм. Агаарын дулааныг 38°С-ээс хэтэрхэд хун ажиллах боломж хомсдоно. Гэтэл аюулгүй ажиллагааны дүрмэнд үүнээс давсан норм тогтоолгосон байгаа нь ажилчдын нуруун дээр ирэх хүндрэлийг бий болгож байгаа юм.
 
12. Нуралтын орон зайн тааз ба нурсан хүдрийн дээд гадаргуу хоорондын зай хяналтад байна. Үүнийг болон нуралтын байдлыг ажиглах хүдэржилтийн хилийн гадна байрлуулсан босоо малталт хэдэн талд байх ёстой байдаг. Үүний оронд ажиглалтын хэдэн цооног гаргаж ашиглах санал Оюу толгойн уурхайд байгаа. Хүдэр дотуур гаргах цооног нурна. Ингэхээр бэхжүүлэгч хэрэглээд болно гэсэн шийдэлтэй байгаа болов уу. Харин өрөмдлөгийн үед хэрэглэх ус сөрөг үзэгдэл дагуулж болох уу гэсэн асуулт гарна.
 
13. Хүдрийн том хэмжээний уналтаас гадна ер нь нурсан хүдрийн дотор томоохон хоосон зай үүсэх магадлал байдаг. Үүний учир нь нэгэнт нурсан хүдэр хэдэн жилээр хүдэр буулгах түвшин рүү даралттай нөхцөлд хөдөлгөөнгүйгээр доошоо аялахад оршино. Энэхүү хүдэр дахин нягтрах, хоосон зай үүсэх нь аюултай үзэгдэлд орно. Ийм үзэгдэл болох нь ховор боловч тохиолддог байгаа.
 
14. Нурсан байдлаар хэдэн жилээр доошлох хүдэр дотор дулаан ялгаруулалттай исэлдэх процесс явагдах тохиолдол байдаг. Ийм процесс түймэр болж, 1000°С гаруй халуун үүсгэснээр олборлолтыг бүрэн зогсоож, нөөцөө хаяхад хүрсэн эмгэнэлт явдлын жишээ байдаг гэсэн. Дээр дурдсан ашиглалтын цооногуудын ус мөн ийм үзэгдэл болоход нөлөөлөхгүй байгаа даа.
 
15. Үүнтэй холбогдуулан хэлэхэд хайгуулын үеийн цооногуудаар орд руу ус орохооргүй болгосон байх хэрэгтэй, ялангуяа хүхэрт хаягдал, уусмал орд руу хурын усаар дамжин орохооргүй болгосон байвал зүйтэй.
 
16. Монгол улсын холбогдох байгууллагуудад, үүний дотор техникийн шийдлүүдийг ойлгож байх ёстой байгууллагуудад техникийн шийдлээс хөндий хүмүүс техникийн үнэн шийдлээс хөндий танилцуулга хийдэг байдал байсан, одоо ч байна. Зуун жилээр тодорхойлогдох түүхийн настай хадаасан болон шүршмэл бетон бэхэлгээг шинэ зүйлээр ойлгож, Panel caving гэдэг ашиглалтын системийг. Block caving гэдэг хэмээн ойлгож байгаа нь тэрхүү хөндийвтөр танилцуулга нэг талаас, нөгөө талаас хөндийвтөр анхаарлын илрэл болов уу.
 
17.Ийм хөндийвтөр анхаарлын илрэл холбогдох яамдууд,газруудын уурхайн технологийн мэргэжилтнүүд дээр ч харагдаж байгааг дөрвөн жилийн ээлжийн хүн аргагүй шүү дээ гэж хэлж болох боловч “хөндий анхаарал" ч, “дөрвөн жил” ч зөв, сайн зүйл биш, өөрчлөгдөх ёстой гэж олон хүн хэлнэ.
 
Эдгээр мөрүүдийн зохиогч миний бие ийнхүү бичихийн учраа дээр дурдсан билээ. Эдийн засгийн үр ашгийг хүлээгчид бас техникийн найдвартай шийдлүүдийн хүлээгчид байх ёстой л доо. Иймээс л социализмын үеийн удирдагчид техникийн мэргэжилтнүүдээ түлхүү бэлдсэн нь өнөө ч шинэ цаг үед шинэчлэгдээд улс орныхоо хэрэгцээнд үнэ цэнээ алдахгүйгээр үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Харин сүүлийн жилүүдэд хамгийн чухал хэрэгцээт техникийн мэргэжилтэн бэлтгэх ажилд ач холбогдол өгч байгаа эсэх нь нэн бүрхэг байна. Техникийн шийдлийн дутагдлаас болж хичнээн сая доллар алдаж байгаа нь харагддаггүй, энэ нь бодохоос аймаар учир, ялангуяа улсын үйлдвэрийн захирлууд болон хувийн үйлдвэрийн мэргэжилтнүүд огтхон ч боддоггүй нь харамсалтай.
 
Монголын Далд уурхайн мэргэшилийн холбооны Тэргүүн, Техникийн Sc.D  Ч.Тэгшсайхан