sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Итали улсын хооронд соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийг дэмжих, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор “Баррокко: Итали болон Европ” гала тоглолтыг маргааш Соёлын төв өргөөнд, ирэх сарын 02-нд Ж.Россинигийн “Үнсгэлжин” дуурийг УДБЭТ-ын тайзнаа тус тус толилуулна. Энэ талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
 
Тоглолтыг Монгол Улсын Филармони, ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм. Тус тоглолтод Монгол, Испани, Итали, ОХУ-ын шилдэг уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой.
 
Италийн алдартай удирдаач  Якобо Сипари Ди Пeскассэрoли хэлэхдээ, “Монгол, Итали орны уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа нь бие биенийхээ уран бүтээлийг баяжуулахаас гадна ойртон нөхөрлөх боломжийг олгож байна. Энэхүү хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Итали орондоо очоод Монгол Улсын тухай сурталчлах болно. Тоглолтыг санаачлан, дэмжсэн, хамтран ажилласан бүх уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлье. Ж.Россинигийн “Үнсгэлжин” дуурь бол баяр баясгалантай, хөгжилтэй, хурдтай, Итали хүний зан чанарыг илэрхийлсэн сонирхолтой дуурь. Тиймээс сонгодог урлаг сонирхогчдыг энэхүү гайхамшигтай дуурийг сонирхон үзэхийг урьж байна” гэв.
 
Энэ жил Жоакино Россинигийн “Ла Ченерентлоа” буюу “Үнсгэлжин” дуурийн 200 жилийн ой тохиож буй. Энэхүү дуурийг Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Улсын Филармонийн Симфони найрал xөгжимтэй xамтран тоглохоор бэлтгэлээ базаажээ. Энэхүү дуурь нь дуулаач, хөгжимчдөөс ур чадвар шаарддаг бөгөөд Италийн алдартай удирдаачтай хамтран ажиллах завшаан ганц удаа тохионо. Энэ бол нэр төрийн хэрэг гэдгийг Испанийн залуу дуучин  Игнацио Прието тодотгов.
 
Энэхүү тоглолт, “Итали-Монгол” хамтарсан дуурийн төслийг монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяна санаачлан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа дэмжин ажилласан бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажлын нэг гэдгийг зохион байгуулагчид онцлов. 
 
Тоглолтод Ром xотын “Дилeттo Барокко” найрал xөгжмийн гоцлол дуучин, Италид aмьдардаг монгол дуучин С.Аяна, сонгодог дуурийн урлагийн олон улсын тавцанд гарсан алдар хүндтэй итали дуучин Франко Черри, Пиэтрo Тоскано, Кончeтта Пэпэре, Сабина Галициа, Испанийн нэрт дуучин Игнацио Прието, ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова нар оролцон тоглоx юм. Монголын талаас ОXУ-ын Мариинский театрын гоцлол дуучин T. Энxбaт, УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дaриймaa, “NUANS” xамтлаги болон залуу дуурийн дуучин, уран бутээлч Э. Очирсайxан нар оролцоно.
 
Тоглолтын найруулгыг С.Аяна, тайзны засалтын уран зургийг мэргэжлийн зураач Гүнж Натали фон Риттерсберг нар өвөрмөц шийдэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд С. Аяна xувцаслалтын дизайныг биечлэн бүтээсэн байна.
 
Тус тоглолт нь Еврoпын орнуудад аялан тоглох анxны Итали-Монгол уран бүтээлчдийн хамтарсан дуурийн төсөл болоx юм. Дарaачийн тоглолтыг ИБУИНВУ-ын Лондон xотноо зоxион байгуулаxаар төлөвлөжээ.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг