sonin.mn
ЛОНДОН./BBC/. Үнэн алдартны шашинт иудуудын тавьдаг шаардлагын дагуу онгоцонд суудлаа эзэлсэн эмэгтэй зорчигчдыг өөр суудалд шилжүүлэн суулгахыг хориглосон шийдвэрийг Израилийн шүүх гаргалаа. Үнэн алдартны шашин шүтдэг иудуудын шашны ёсонд зааснаар, тэд эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд ойрхон байж болдоггүй гэнэ. 
 
Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь 83 настай эмэгтэй Рене Рабиновичийн иргэний агаарын тээврийн "Эль Аль" компанийн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой аж. Тэрбээр еврейчүүдийг хоморголон устгах ажиллагаанаас амьд гарсан хүн юм.
 
Өндөр настай энэ эмэгтэй Тель-Авиваас Нью-Йорк хот руу явахаар онгоцонд суудлаа эзэлчихээд сууж байжээ. Гэтэл хажуугийн суудалд суух тасалбар худалдан авсан нэгэн эрэгтэй хүн хүрч ирээд онгоцны үйлчлэгчид хэдэн үг хэлсэн байна. Үүний дараа үйлчлэгч Р.Рабиновичийг өөр суудалд суухыг хүссэн аж.
 
Рабинович тэр эрэгтэйд дөхөж очоод “би 81 настай хүн шүү дээ” гэхэд тэрбээр хариулахдаа “эмэгтэй хүний дэргэд суухыг манай шашны Тора номлолын дагуу хориглодог” гэсэн байна.
 
Энэ хэрэг явдлын дараа Р.Рабинович 2016 онд ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралд түүнийг Израилийн шашны үйл ажиллагааны төв гэдэг байгууллага төлөөлөн оролцсон байна. Тус байгууллага хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцдэг ажээ.
 
Хохирогч эмэгтэй 50 мянган шекель буюу 14 мянган доллар нэхэмжилсэн боловч шүүхээс үүнийг 6,5 мянган шекель буюу 1,8 мянган доллар болгон бууруулан тогтоосон байна. 
 
Х.Сарнай
Эх сурвалж:  Монцамэ агентлаг