sonin.mn
РАККА. /VOA/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Сирийн Ракка хотоос “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогчдыг хөөн гаргах ажиллагаанд бэлтгэж буй АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн хүчнийхэнд хандан, тус хотоос гарах гарцгүй болоод байгаа энгийн иргэдэд онцгой анхаарал хандуулахыг уриаллаа.
 
Хүрч очиход бэрх газар нутагт гацсан иргэд хоол хүнс, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байсаар байгаа бөгөөд ийм нөхцөл байдал нь намайг ихэд цочроолоо гэж А.Гутерриш онцлон хэлжээ.
 
“Энгийн иргэд амиа алдах, шархдах, дүрвэх асуудал маш их газар авч байгаа бөгөөд эмнэлэг, сургууль гэх мэт хоргодож болох газрууд халдлагад өртсөөр байна. “Лалын улс”-ын мэргэн буучид газраар болон Тигр мөрнөөр завьтай зугтах гэж оролдож буй хүмүүсийг буудан хороож байгаа нь энгийн номхон иргэдээр халхавч хийх гэсэн башир арга юм” гэж НҮБ үзэж байна.
 
Хүнд нөхцөлд орж, аюул заналхийлэлд өртөж буй энгийн иргэдэд хүмүүнлэгийн ажилтнууд хүрч туслах боломжийг сөргөлдөгч талууд олгох хэрэгтэй гэж А.Гутерриш уриалжээ. Тэрбээр “амь нас нь хутганы ирэн дээр байгаа энгийн иргэдэд цаг алдалгүй хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг зохион байгуулахад аль аль талууд оролцох нь чухал” гэж нэмж хэллээ.
 
АНУ тэргүүтэй холбоотны хүчин Ракка хотын дөрвөн дүүргийг хяналтандаа аваад байгаа бөгөөд “Лалын улс”-ын цэргүүдийг хотын өмнөд хэсгээс хөөн гаргахаар тулалдаж байна. Холбоотнууд тус хотыг “Лалын улс”-ын хяналтаас чөлөөлөх ажиллагааг хоёр долоо хоногийн өмнө явуулж эхэлсэн юм.
 
“Лалын улс” бүлэглэл Ракка хотыг 2014 онд эзлэн авчээ.
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг