sonin.mn
Өмнөх үг: Чанчун Чи нь 1148 онд төрсөн Даогийн өндөр гэгээн лам хувраг бөгөөд аялалд гарах үедээ өндөр настай байжээ. Тэрээр Чингис хааны зарлигын дагуу Дундад Азид орших хааны ордонд хүрэлцэн очиж түүнд бараалхасан юм. Аялалын хувьд Алтай, Тянь-Шанийн (Тэнгэр уул) уулсаар, одоогийн Казакстан, Киргизстаны нутгаар дамжин, Самарканд орж зүүн-хойд Иран, Афганистаны уулархаг нутагт хүрсэн байдаг. Түүнийг Ли Чичан хэмээх шавь нь дагалдаж, туулсан замын тухай тайлбар бичээсийг нэлээн дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээжээ.
 
Аян замын тэмдэглэлийг 1228 онд Сүн Сигийн удирдтгалтай хэвлэн Дао цанг ци яод (номын бүтээлд) оруулсан байдаг. И.Бретшнайдэр тус тэмдэглэлийг “манай Европ аялагч нараас хавьгүй илүү, нарийн мэдрэмжтэй бичсэн” хэмээн тодотгосон бөгөөд тухайн үеийн Дундад Азийн газар зүй, энгийн ардын амьдрал, Монгол эзэнт гүрний захиргаа, аян замын нөхцөл зэргээс гадна Эзэн Чингис хааны хавьгүй өгөөмөр, сэтгэл татам дүр зургийг тод томруун буулгасан дурдатгал болсон байдаг. 
 
Орчуулгын эхийг И.Бретшнайдэрийн “Зүүн азийн эх сурвалжаас үүдэлт дундад зууны үеийн судалгаа” номын (Нью Йорк: Барнес & Нобле, 1888 он) 37-108 хуудсаас авав.
 
М.Энхсайхан
 
(Сүн си номын эхэнд өгүүлэхдээ)
Чанчун бумба бол төгс төгөлдөрийн дээд хүн байсан. Миний бие эрийн цээнд хүрэх үед (түүний тухай өмнө нь ихэд сонсож байсан, боловч) түүнийг тэнгэр бурханы орон руу аль хэдийн одож, дүүлэх үүлсийн дунд дараах биелэлийг олон оршиж байгаа гэж бодон уулзан учирч чадаагүйдээ харамсаж байсан юм. Гэтэл 1219 оны өвөл, далайн эрэг дагуу амьдардаг (Шан тунд) их багш, (Чингис хааны) урилгаар аялалд гарсан тухай яриа гэнэт гарав.
 
Хойтон жилийн хавар нь (1220) тэрээр үнэхээр Иен кингд (Бээжин) хүрэлцэн ирж Юү сү куаны хийдэд байрлав. Тэр үед би түүнтэй өөрийн биеээр уулзах завшаан тохиосон юм. Түүний сууж байгаа нь хөдлөшгүй цэх, эгээ л амьгүй бие мэт; түүний зогсож байгаа нь мод адил; хөдөлгөөн нь цахилгаан шиг бөгөөд алхалт нь салхи мэт байсан юм.
 
Түүний яриа ихийг үзэж, дуулсан хүний шинжийг агуулж буйг би олж мэдсэн. Өдрөөс өдөрт түүнийг бишрэх миний сэтгэл нэмэгдэж байлаа. Түүний цог гэрэлд татагдан шавь болон ёслох хүсэлтэй ардууд өдөр бүр нэмэгдэж байсан. Хоёр дахь илгээлт (Чингис хаанаас) ирсэний дараагаар багш өрнөд рүү мордсон юм.
 
Түүнийг үдэх зуур шавь нар нь хэзээ ирэх талаар асуухад багш “Гурван жилийн дараа” гэж хэлсэн. Тэр агшин 1221 оны эхний сард тохиосон бөгөөд үнэхээр зөгнөсөн ёсоороо 1224 оны эхний сард өрнөдөөс эргэн ирсэн. Их багшийн өрнөдөд хийсэн аялал 20,000 бээрийн замыг туулжээ. Тэрээр бидний газрын зурагт буугаагүй, бороо шүүдэр чийглэж байгаагүй нутгаар аялж ирсэн юм.
 
Хэдийгээр очсон газар бүхэн түүнийг хүндэтгэл дүүрэн хүлээн авсан ч туулсан зам нь тун хатуу бэрх байж. Гэсэн хэдий ч тэрээр үргэлж сэтгэл өөдрөг, харилцан яриа үүсгэн, шүлэг найраг хөтлөн явсан. Их багш байгалийн үзэсгэлэн гоог өнгө бүрээр шимтэн таалж замд таарах сонирхолтой газар бүр саатан зогсож байжээ. Харин амьдрал үхлийн талаар их багш төдийлөн төвөгшөөн бодож байгаагүй бөгөөд түүнийг дулаан хүйтний шинж чанартай адилтган санаж байв. Ийм төгс төгөлдөрийн дээдийг их багш Даод (чин үнэн) нэвтрэснээс өөрөөр олж авна гэж үү? 
 
1228 оны 7 дох сарын 2 дахь өдөр
(замын тэмдэглэлээс иш татахад, хуудас 47-53)
Хойд зүгт аялах бид Фу Чаог өнгөрч өвлийн сүүл сарын 15-нд (2 сарын 8) зүүн хойд зүгийг чиглэн Кай-ли-по хэмээх давст нуурт хүрэв. Энд бид хорин өрх бүхий эхний суурьшилтай таарсан юм. Давст нуур нь урагшаа олон давалгаа бүхий зүүн хойш сунаж тогтсон хэлбэртэй. Үүнээс хойш гол мөрөн ахин таарахгүй бөгөөд зөвхөн элсэнд ухсан худгаас ус гаргах боломжтой.
 
Мөн хойд зүгт хэдэн мянган бээр яваад ч уул асгатай үл таарна. Бид морин дэл дээр таван өдрийг туулж Мин Чан хэмээх нутгийн хязгаараас гарлаа. 
 
Зургаа, долоо хоногийн дараа бид их элсэн цөл Шатоод ирэв. Газрын нам хэсгээрээ давжаа хайлаас мод таарах бөгөөд зарим нь их өргөн бүдүүн тойрогтой. Харин үүнээс цааш, зүүн хойд зүгт, арван мянган бээр үргэлжлэх газарт мод үзэгдэхгүй. Бид гурав дах сарын эхний өдөр (1221 оны 3 сарын 25) их элсэн цөлийг орхин Юү Ир Лид ирж гэмээн суурьшилтай таарав. Эндхийн ард газар тариалан ба загас агнуурыг давамгайлан эрхлэн амьдардаг. 
 
Хэдийгээр энэ үе цинг минг (хаврын эхэн сарын арван таван) тохиож байсан ч хаврын урь орох байтугай цас хайлаагүй байв. 
Гурав дах сарын 5-ны өдөр (3 сарын 29) бид ахин хөдлөж зүүн хойд зүгт гарав. Эргэн тойронд хар хөсөг, цагаан гэр бүхий суурьшил бидэнтэй таарч байсан. Эдгээр ард нүүдэлчид бөгөөд оршин суух газраа бэлчээр усны сайныг сонгон сэлгэдэг. Энд мод үзэгдэхгүй бөгөөд зөвхөн шар үүл (тоос) татсан өгөршсөн зүлэг угтаж байв. 
 
Хорь гаруй хоног зүг чигээ өөрчлөлгүй явсаны эцэст бид, баруун хойш урссаар Лу-Кү голруу цутгах, элсэн голд хүрэв. 
 
Элсэн голыг гатлахад ус нь эмээлийн оломд хүрч байсан. Харин бургас мод голын эргийг нэлэнхүйд нь бүрхсэн ажээ. Гурван өдөр хойд зүгийг чиглэн явсаар сиа Шатоод (жижиг Шатоо цөл) бид ирэв. 
 
1221 оны дөрөв дөх сарын эхний өдөр (4 сарын 23), бид Отчигон ноёны буудалд хүрлээ. Энэ үед мөс дөнгөж хайлж эхлэн анхны ногоо цухуйж байсан юм. Буудалд хуримын найр болж байсан бөгөөд олон Монгол жанжин гүүний сүү барин ирэв. Бид цагаан гэртэй олон мянган хар хөсгийг эгнүүлэн тавьсан байхыг харсан. Долооны өдөр (4 сарын 29) их багш Монгол Ноёнд бараалхахад, ноён түүнээс амьдралыг уртасгах аргыг хэлж өгөхийг хүссэн. Их багш эзэн хаанд айлдахаас өмнө ноёнд айлдах нь зохисгүй тул буцах замдаа ноёнд дахин бараалхахаар тохиров. Арван долооны өдөр (5 сарын 9) ноён зуун адуу шар бухын хамтаар их багшид олгохыг тушаан, бид замд гарав. 
 
Бидний зам баруун хойш чиглэн дөрөв дөх сарын 22-нд (5 сарын 14) Лү-Ку (Хэрлэн гол) голын хөвөөнд ирлээ. Голын ус энд хэдэн зуун бээр тойрог бүхий нуур бүтээжээ. Салхины эрчээр долгиолох уснаас үлэмж хэмжээний загас шидэгдэхэд Монголчууд шаламгай гэгч нь барина. Бид цаашлан голын өмнөд эргийг даган хөдлөлөө. Ие хие (хөмөөл) бидний явсан газар бүрт таарна.
 
Тав дах сарын эхний өдөр (5 сарын 23), голын урд эрэг дээр биднийг байрлаж байхад, нар хиртэлт болов. Энэ үед од гарагсыг харж болохоор түнэр харанхуй болж удалгүй ахин гэрэлтсэн юм. Энэ нутагт өглөө хүйтэн, үдэш дулаан болдог аж. Бид хуанг хуа (шар цэцэгс) машид түгээмэл байхыг харсан. Гол зүүн хойш урсах бөгөөд хоёр эрэг даган өндөр ургасан бургас модыг Монголчууд гэр барихдаа ашиглана. 
 
Арван зургаан өдрийн замыг туулсаны (Хэрлэн голын өмнөд эргийг даган дээшилсэн) дараа голын чиглэл өөрчлөгдөн, толгодын дундуур ороон баруун хойш урсах хэсэгт ирэв. Учиг юунд буйг бид олж мэдсэнгүй. Баруун урагш цаашлан явсаар Юү Ир Ли хүрэх замын өртөөнд хүрэлцэн ирлээ. Эндхийн Монголчууд их багшийг ихэд баярлан хүлээн авч шар будаа өгөөд түүнийг жил хүлээж байгаагаа хэлэв. Их багш тэдэнд улаан чавга бэлэглэв. Тэд ийм жимсийг урд өмнө харж байгаагүй гэнэ. 
 
Үүнээс цааш бид арван өдөр аялсан. Тухайн цагт зуны нарны оргил үед сүүдэр (нарны зүүний) гурван тохой зургаан ямхын хэмжээтэй байсан. 
 
Эндээс бид өндөр уулсын оройг харах болж, баруун зүгт явах тутам уулархаг даваа гүвээ ихтэй нутгийг туулсан. 
 
Эндхийн хүн ам олон тооны бөгөөд бүгд хар хөсөг цагаан гэрт амьдарцгаана. Тэд мал аж ахуй, ан гөрөө эрхлэн, ангийн үс арьс өмсөж, сүү махаар хооллодог.
 
Эрчүүд ба гэрлээгүй залуу бүсгүйчүүд нь үсээ сүлжин чихээ давуулан унжуулдаг. Гэрлэсэн эмэгтэйчүүд нь модны холтосоор урласан хоёр тохой өндөр зүйлийг толгой дээрээ тавин ноосон давуугаар, зарим чинээлэг хэсэг нь улаан торгоор орооно. Энэ юүдэн нь урт гэзэг сүүлтэй бөгөөд галуу эсвэл нугасыг санагдуулдаг. Үүнийгээ тэд юү-юү гэж нэрийдэх ба хэн нэгэн санамсаргүйгээр мөргөчих вий гэж үргэлж болгоомжилно. Тиймээс гэрт орохдоо тэд толгойгоо бөхийлгөн нуруугаараа алхаж ордог. 
 
Тэд бүх ажил албаа амаар тохирох ба хийсэн яриа хэлцлийг модон дээр тэмдэглэн гэрээлнэ. Тэд хэзээ ч тушаалыг сөрж дураар авирладгүй бөгөөд хэлсэн үгнээсээ буцдаггүй зантай. Тэд эртний ёс заншлаа хадгалан үлджээ.
Mediaeval Researches from Eastern Asiatic Sources, Trubner Oriental Series, London. 1888. 
 
Орчуулсан Э.Хонгорзул
PS: Номын нүүр болон Перс,монгол, уйгур 3 хэлээр үйлдсэн Алтан гэрэгэ зургийг хавсаргав.