sonin.mn

1. Дунд сургуулийн ширээнээс салаад удаагүй жаахан хүү соёлын довтолгооны багшаас Дотоод яамны тусгай хэлтэст ахлах төлөөлөгчөөр томилогдож байсан Гүржав миний амьдралын түүхэн замнал тэртээ 1916 оноос эхлэлтэй. Түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөл, Нингэр овогтой Гүржав би бээр 1916 онд Увс аймгийн Тэс сумын "Тэс гол" гэдэг газар ядуу ард Нингэрийн дөрөвдүгээр хүү болон төржээ.

Арван настайдаа Баянчандмань уул буюу одоогийн Ховд аймгийн дунд сургуульд элссэнээр ажил амьдралын минь түүхэн замнал голидролоо олсон гэхэд болно. Дунд сургууль маань Ховд аймагт байгуулагдсан баруун аймагтаа ганцад тооцогддог байлаа.

Удалгүй дунд сургуулиа төгсч Давст сум байгуулагдах үед соёлын довтолгооны багшаар томилогдсон юм. Тухайн үед хэдий нас балчир гэлээ нийгэм цаг үеийн байдлыг сайн шинжиж, төр засгийн үйл хэргийг олон түмэнд сайн сурталчилсныхаа буянд бага сургуулийн багш, сумын нарийн бичгийн даргаар томилогдсон юм.

Жирийн нэгэн малчин ардын хүү сумын нарийн бичгийн даргаар томилогдоно гэж тухайн үед зүүдлээ ч үгүй явж билээ. 1938 он. Дарын утаа суунагласан тэр жил цэргийн зарлан ирж, армийн холбооны тусгай хороонд штабын бичээчээр ажиллах болсон юм.

Ингээд 1940 оноос Матадын VIII дивизийн 34-р хорооны нууцын даргаар дэвшиж, гүйцэтгэх цолтой ажиллаж байгаад 1942 оноос Төв хорооны тогтоолоор Дотоод яамны тусгай хэлтэст ахлах төлөөлөгчөөр томилогдож, 1967 онд тэтгэвэрт гарталаа ажилласан юм.

Ажил хөдөлмөрийн минь замнал шулуун дардан байгаагүй ч халамжит ханийнхаа буянд найман хүүхдийн үрийн зулай үнэрлэсэн азтай хүний нэг нь би билээ. Улс орондоо хөдөлмөрлөх хугацаандаа Алтан гадас одон, байлдааны медаль, Ардын хувьсгалын 25, 40, 50 ,60 жилийн ойн медалиар энгэрээ цоолсноос гадна армийн 60 жилийн медаль хүртсэн билээ.

2.    Би 1938 онд Холбооны тусгай хорооны штабын бичээч байх үед хорооны даргаар Цагаанбилэг, штабын даргаар Бямбажав гуай ажиллаж байлаа. Манай хороо штабын суман, агаарын мэдээний, цахилгаан мэдээний, телефон, техникийн, аж ахуйн сумангийн бүрэлдэхүүнтэй томоохон анги байсан юм.

Тэр үед хувьсгалын эсэргүү нар байсхийгээд л бослого үймээн самуун дэгдээх учир ард иргэдийн ахуй амьдрал нэлээд хүндхэн. Цаг үе нь ч ороо бусгаа. Тэр жил манай хорооны бүх дарга нарыг эсэргүү хэмээн баривчлахад штабын дарга байсан Цэдэндамба үлдэж билээ.

Эсэргүүнүүд цэргүүдийн тоог цөөлөх гэж хоол хүнсэнд хор хийснийг мэдэхгүй хэрэглээд олон ч сайхан эрс хорвоог орхисон доо. Ийм л хэцүү цаг үед би гэдэг хүн улс эх орныхоо төлөө цэрэг дайчидтайгаа хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан юм даа.

3.    1939 оны эхээр манай улсын дархан хил рүү Япончууд өдөөн хатгаж, хүйтэн дайн эхэллээ. 1939 оны тавдугаар сарын 5-ны орой манай штабын сумангийн улс төрийн орлогч Жадамба намайг гэнэт дуудлаа.

Тэрээр "Манай улс руу Япончууд түрэмгийлэн довтолж, дайтах гэж байгаа тул Армийн жанжин штабын мэдэлд салааны туслах Жамбалын Очир та хоёрыг шилжүүлнэ. Байлдааны үүргийг сайн биелүүлэх хэрэгтэй" гэсэн тушаал өгөөд явуулав. Ингээд Очир бид хоёр Жанжин штабын байлдааны хэлтэст очтол байлдааны бүрэн зэвсэг олгож, жолооч Доржрэнцэн бид гурвыг Жанжин штабын нууц бичиг, мэдээ зөөгчөөр томилов.

Улмаар морьт дивизийн дарга Шаарийбуугийн мэдэлд очиж, байлдааны маш нууц шууданг өдөр бүр төв жанжин штабд хүргэж байв. Тэр үед цэргийн онц чухал мэдээг дайсанд алдах вий гэсэн бодол л толгойд эргэлдэж байснаас юун нойр, хоолтой манатай байдаг байлаа.

Гэтэл 20 орчим хоногийн дараа тулаан улам ширүүсч, улмаар манай жанжин штаб, зөвлөлтийн армийн жанжин штабын хамт Хамар даваанд байрлав. Байлдааны эхний үед дайснууд маш хүчтэй довтлож байв. Үүний эсрэг манай морин анги хуягт танкийн хамтаар эсэргүүцэн тулалдаж, аль болох хүчийг нь сулруулах гэж чармайна.

Гэтэл Жанжин штабын орлогч Лувсандоной, Жанжин штабын дарга "шаазгай" Цэрэн нарын удирдлагууд маань эсэргүү хэрэгт баригдав. Энэ үед жанжны орлогчоор Лхагвасүрэн томилогдож фронтын ажиллагааг эрс өөрчилсөн юм. Зөвлөлтийн армийн ангиуд ч агаар болон газраар хүчтэй давшиж эхлэх үед байлдааны байдал манай талд эргэн, цэрэг дайчдын сэтгэл санаа сэргэж дайснаа ялах бүрэн найдлагатай боллоо.

Эхний үед дайсан их хүчээр довтлон, дотоодоос хувьсгалын эсэргүү нар хорт ажиллагаа явуулж байлаа. Манай холбоонд хорооноос нэг суман цэрэг ирэв. Сумангийн даргаар Жута, улс төрийн орлогч Цэндсүрэн, хорооны сургагч Марозов нар удирдаж байлаа. Суман дарга Жута, улс төрийн удирдагч Цэндсүрэн нар сайн удирдагчид байлаа.

Тавдугаар сарын 28-нд манай арми, зөвлөлтийн армийн хамт том давшилт хийхийн өмнөх орой нь жанжин Лхагвасүрэн "Маргааш өглөө 05 цагт бүх ангиудыг нэг зэрэг давшилт хийнэ. Сумангийн дарга Жута холбоо барихад бэлэн бай" гэсэн нууц тушаал өглөө.

Энэ үед утсан холбоо барьдаг байсан юм. Бид бүх ангиудад холбоогоо 500 метрт утсаа тавьж аппаратаа бариад хүлээж байв. Гэтэл бүх анги холбоотой ярьж байснаа 04 цаг 30 минутанд манай холбоог дотоодын эсэргүү нар тасалсан тул холбоо барих боломжгүй боллоо.

Энэ явдал Лхагвасүрэн жанжины уур бухимдлыг хөдөлгөж, ухааныг нь хурцлаадахав. Тэр агаарын анги, танк, хуягт, морин анги, явган ангид давшилтанд орох тушаалыг өөрийн биеэр очиж өгсөн юм.

Үүрийн 06 цаг. Нэгэн зэрэг довтлох тушаал авсан бүх анги, нэгтгэлийн 600 онгоц тэнгэрт хөөрөхөд бараг үүл харагдахааргүй болсон юмдаг. Удалгүй сумангийн дарга Жутаг хээрийн шүүхэд шилжүүлсэн дээ. Холбоочин бид маш хүнд нөхцөлд холбоо барина. Дайсанд озлогдож, амь насаа ч алдах эрсдэлтэй.

Амь нас дүүрч гэхэд эрүү шүүлтийг нь тэсэлгүй улсын нууц задлах вий гэхээс л тэр үед их айдаг байж билээ. Ангиуд давшиж байгаад эргэж ухрахдаа холбоочноо орхисон тохиолдол хэд хэдэн удаа байсан юм. Олзлогдсон холбоочин цэргийг япончууд хамгийн харгисаар алж байв.

Духанд нь таван хошуу ухаж алдаг байсан гэхээр ямар харгис хэрцгий авирлаж байсан нь ойлгомжтой болов уу. Бид шөнө нь давшиж, дайсантай зэргэлдээ хоноод үүрийн гэгээ тусах үед гардан байлдаанд орж, устгахыг нь устгаж, олзлохыг нь олзолдог байв. Бид нар ямар ч л байсан дайсны дөрвөн цэргийг амьдаар барьж билээ.

Хорооны сургагч Марозов 28-ны байлдаан болсон газраар салааны туслах Зандраа, бид хоёрыг дагуулж Халх голын цаадах Элст манханд алагдсан японы цэргийн хүүр дээр дагуулж очлоо. Бид хоёрын даалгавар бол японы офицерын цаг, компосыг хурааж авах байлаа.

Олон хүүрэн дунд орж цаг компосыг нь цуглуулж явтал тусламж гуйх нэгэн хүнтэй таарав. Гэтэл нэгэн орос цэрэг элсэнд дарагдаж зөвхөн толгой нь ил гарсан байсныг бид хоёр олж, хүрзээр малтаж гаргаад эмчлүүлж эдгэрүүлсэн юм. Тэр цэрэг 21 настай, нэр нь Петров гэдэг Москва хотын хүн байлаа. Бид нар ах дүү шиг дотнож, сайхан нөхөрлөсөн дөө.

Байлдаан дууссаны дараа манай сургагч Марозов зөвлөлтийн ангиудаар зарлахад түүнийг удирдагч хурандаа ирж, бидэнд баярлаж талархснаа илэрхийлээд Петровыг авч явсан юм. Хэдийгээр Петров холбоо барих хаягаа надад өгсөн ч дайны үймээн самуунд хаяж үрэгдүүлсэн байв. Үүнийгээ мэдээд ихэд харамсч, гутарсан даа.

Манай сумангын салааны туслах Лхагва, цэрэг Содномдорж нар байлдааны үүргийг сайн биелүүлсэн учир Улаан тугын одонгоор шагнуулж байлаа. Тэднээс бусад хүнд одон өгөөгүй юмдаг. Учир нь тэр үед одонг маш их шалгууртайгаар олгодог учир хэр баргийн аавын хүү энгэртээ зүүж чаддаггүй байсан юм.

VI дивизын дарга Шаарийбуу японы онгоцын суманд өртөж амь үрэгдэгсэд оронд нь XVII хорооны дарга Дандар томилогдон ажилласан юм. Тэр үед зөвлөлтийн. улаан армийн дарга, бага дарга, цэргүүд, тасаг, салаа, суман хорооны сургагч зөвлөхөөр ажиллаж, бидэнд дайны үед хэрхэн эрэлхэг зориг хатуужилтай байхыг заан сургахаас гадна бидний амь насыг хамгаалах үүднээс тэргүүн эгнээнд тулалдаж, дайсныг бут цохиж байлаа.

Ялангуяа гардан байлдааны арга техникийг сайн зааж өгдөг байв. Халх голын байлдаан есдүгээр сарын сүүлээр дуусч, дайсан бууж өгсөн актад гарын үсэг зурсны дараа байлдааны талбарыг цэвэрлэн зэвсэг техник, хүн малын хүүр зөөж дуусгаад дараа сарын 22-нд манай жанжин штаб бүх анги нэгдэл хот руу явсан билээ.

Тэр үед жанжны орлогч Лхагвасүрэн армийн өвөл цагийн байлдааны болон улс төрийн сургуулийн программ ангиудаас шилж, 10 бичээч авсаны тоонд би хамрагдснаа огт мартдаггүй юм. Тэр үед бичгийн машин байхгүй учир гараараа бичинэ. Бичих зүйл гэж зөндөө их. Жанжин Лхагвасүрэн хуучин монгол бичгээр маш сайн бичдэг байсан юм.

Наймдугаар сарын 28-нд VIII дивиз ширүүн тулалдаанд ороход 23-р морьт хороо амжилттай байлдсан юм. Тус хорооны хүнд фулемотын научик Увс аймгийн Давст сумын Мөнх овогтой Зана анги нь ухарсны улмаас туслах научикийн хамтаар Элст манханд хоцрох үед дайсны суман цэрэг давшин гарч иржээ.

Энэ үед самбаачлан дайсны суман цэргийг дарга нарынх нь хамт устгасан байна. Харин туслах научик нь нас барсан харамсалтай явдал болсон юм. Мөн сарын 29-нд маршал Чойбалсан өөрөө хүрэлцэн ирж, Занад Улаан тугын одон гардуулж өгсөн билээ. Жич, дайн дууссаны дараа түүнд Халх голын ялалтын медалийг гардуулсан юм.

1945 оны чөлөөлөх дайны дурдатгал 1945 онд би Тамсаг булаг дахь VI морьт дивизийн 1-р морьт хороонд тусгай хэлтсийн төлөөлөгч байв. Тухайн үед хорооны дарга Чойндонгаваа, улс төрийн орлогч Лхамсүрэн, штабын дарга Балжинням нар удирдаж байлаа. VI дивизийн 1-р морьт хороо хил дээр Баянцагаанд байлдаж улмаар мөн оны зургадугаар сард дээд командлалын тушаалаар бүр мөсөн нүүхээр шийдвэрлэж, Тамсаг булагт дивиз дээр гурав хоног явж хүрсэн юм.

Тэнд долдугаар cap хүртэл тулааны бүх бэлтгэлээ базаасны дараа бүх дивизийн анги, нэгдлүүд байлдааны тушаалын дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Овоотын 20-р отрядын даргын мэдэлд шилждэг байлаа.

Тэнд cap гаруй хугацаанд байлдааны бэлтгэл сургууль хийж дараа сарынд болох чөлөөлөх дайнд орохоор армийн генерал ЗХУ-ийн маршал Пелеевийн тушаалаар зөвлөлтийн улаан цэргийн техник ангиудтай манай морьт дивизүүд найдугаар сарын 10-ны өглөөны 05 цагт хөдөлж, 06 цагт Хятадын хил дахь японы заставыг эзлэн авч, байлдааны зэвсэг техник, агт морьд, цэрэг дайчид, аж ахуйн зүйлийг олзло, цаашаа Өвөр монголын нутагт орж, Бандид гэгээний хийдээр дайрч улмаар элсэн манханд байсан японы цэргүүдийг элдэн хөөж, Долнуур, Хөх хотод хүрч дайсны томоохон нэгдэл ангийг эзлэн аваад бүх зэвсэг техник, ар талын бүх зүйлийг олзлон хураасан юм.

Бид дайсныг үлдэн хөөхдөө өдөр шөнөгүй, амрах унтах цаггүй явж байлаа. Жака, Губока хотод хүрэх тушаал фронтын командлагчаас авсан учир маш хурдан маршаар явж байв. Хятадын нутагт орох үед улам хүчтэй давшиж явлаа. Хятадын нутагт маш өндөр гурван даваа давж, Хөх мөрөн, Шар мөрөн гэдэг голыг гатлахад унаа морьд эцэж, цэргүүд туйлдаа хүртэл ядарч байв.

Манай хорооны дарга Чойндонгаваа, улс төрийн орлогч Лхамсүрэн, штабын дарга Балжинням нар замд хоцорсон юм. Хороо командлах хүнгүй болсон учир дивизийн дарга Цэдэндаш надад тушаал өгч "Чи хороо удирдах хэрэгтэй" гэснээр гурав хоног удирдлаа. Энэ үед улс төрийн орлогч Лхамсүрэнг онгоцоор авчрав.

Энэ хугацаанд олон хариуцлага үүрч байсан надад хэцүү бэрх шийдвэр гаргах шаардлага олон удаа тохиосон юм. Бид замдаа таарсан олон хот тосгодын чөлөөлсөн дөө. Тэдний нэг нь япончуудад эзлэгдсэн хятадын нэгэн тосгон байсан бөгөөд тосгоны гадуур хашаа барьж, дөрвөн талд нь хаалга гаргаж, манаатай байсан учир хотоос нэг ч хүн гадагш гаргахгүй хорьж байсан учраас 10 гаруй жил ах дүүтэйгээ уулзаж чадаагүй гэж бидэнд хэлж байсан юм.

Хятадын дорой амьдралыг хараад нүд хальтарч байлаа. VI болон V морьт дивизийнхэн цагаан хэрмийг давж, японы томоохон цэргийн анги байсан Губаку хотыг эзлэн авахын тулд 17 хоног нойр хоолгүй явж хүрлээ.

Тушаал ёсоор V морьт дивизийн дарга генерал Доржпалам түрүүлж хүрэх ёстой байв. Гэтэл тэд төөрч манай VI морьт дивиз түрүүлж хүрэн дайснаа дарсан юм. Хэлэлцээ хийхээр дивизийн дарга Цэрэндашийн тушаалаар монгол цэргээс хорооны дарга хошууч Орших, төлөөлөгчөөр миний бие, Дашцэрэн нар зөвлөлтийн хоёр хурандаа, нэг генерал хэлмэрчийн хамтаар томилогдон очив.

Манай нэг салаа цэрэг улаан туг барьж, японы цэргүүд цагаан туг барьж бие биерүүгээ бэлэн байдалд барьж жагссан байлаа. Тэр дундуур бид бүрэн зэвсэгтэй, морьдоо хөтлөөд гинжин окопоор япон цэргийн араас явж штаб дээр нь очив. Том байранд ширээ сандал тавиад идээ өрсөн байлаа.

Ширээний дээд талд тусгай ширээ тавиад японы штабын дарга хошууч генерал, ахмад, ахлах дэслэгч зсгсож байсан юм. Бид нарыг тэр генерал урьж суулган дайлж бууж өгсөн тухай ярьсан. Японы хоёр дарга генералдаа үйлчилж байлаа. Хэлэлцээр эхлэв. Бүх хүн, зэвсэг, техник, хүнс, агт морь, эд хогшил бүгдийг дансаар хүлээлгэн өгөв.

Дарга нарын гap бууг өгөхгүй гэж япон генерал нэлээд маргав. Зөвлөлт монголын төлөөлөгчид дүрэм журмыг танилцуулж зөвхөн генерал бие хамгаалах буутай байж болно гээд бусад хүмүүсийн бууг хураахаар тохиров. Хотын коммендатаар баатар Дандарыг сонгов. Мянга гаруй цэрэг дарга, зэвсэг техник, эд хэрэгслийг тэр шөнө буюу есдүгээр сарын 3-ны өдөр вагонд ачиж, Манжуураар дамжуулан Монголд хүргүүлэв.

Хятадын цагаан хэрэм нь хөх тоосгоор барьсан өргөнөөр 10 метр, өндөр нь 6 метр барилга. Маш өндөр уулыг давуулан барьсан юм байна. Бид тэнд cap гаруй болоод эх орондоо буцлаа. Тэгэхэд Маршал Чойбалсан онгоцоор ирсэн юм байна.

Бид 10 дугаар сарын 20-нд өөрийн нутгийн хил дээр ирж, тусгаар тогтносон БНМАУ гэж гарын үсэг зурсан билээ. Энэ тулаанд үүргээ сайн биелүүлсэн учир ЗХУ-аас "Байлдааны медаль", "Бид ялав" медаль, Монголоос "Алтан гадас" одон, "Бид ялав" медалиар тус тус шагнасан билээ.

Дурдатгалаа үнэн зөв бичсэн Увс аймгийн Давст сумын 1-р бригадын харьяат бөгөөд одоо Сүхбаатар дүүргийн 21-р хороо их бага баянгийн хамгаалагч, намын гишүүн

Нингэр овогтой Гүржав 1988-9-5