sonin.mn
   Даланзадгад сумын долоодугаар багийн ИНХ, ахмадын зөвлөл, МАН-ын н.Батбилэг даргатай анхан шатны хороо  санаачлан МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний уран сайханч”, спортын мастер,”Биеийн тамирын тэргүүний ажилтан”, “Онц холбоочин”, “Хүндэт холбоочин” Цолмонгийн Долгорын хөдөлмөр бүтээлийн алдарыг тэмдэглэх өдөрлөг зохиов.
 
          Ахмад ардын авьяастан Ц.Долгор харилцаа холбооны байгууллагад тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ 1959 оноос одон бөмбөгийн спортоор хичээлэж, улсын аваргын тэмцээнд 20 удаа, бүсийн тэмцээнд 21 удаа оролцож, 1-5 дугаар байранд тогтмол шалгарч, аймгийн одон бөмбөгийн аваргын алдрыг 28 удаа түүний дотор 70 насандаа 2005 онд хамгаалж,2010 онд ахмад тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс уртын харайлтаар алт, 100 метрийн гүйлтээр хүрэл медаль хүртсэн, МУ-ын Спортын мастер,”Биеийн тамирын тэргүүний ажилтан” цолоор шагнуулсан шилдэг тамирчин хүн.
 
   1951 оноос эхлэн тайзны болон цэнгээнт бүжгийг сонирхон 80-аад бүжиг, түүний дотор 10 гаруйг нь өөрөө дэглэн бүжиглэж урын сандаа оруулсан,тайзны болон цэнгээнт бүжгийг бусдад зааж сурган 360 гаруй шавьтай болж түүний шавь нараас Г.Насанбат, Ж.Даажуу, Д.Ганчимэг нарын “Соёлын тэргүүний ажилтан”-ууд төрөн гарсан, урлагийн авьяасаараа тодорсон ,МУ-ын  “соёлын тэргүүний ажилтан”,”Тэргүүний уран сайханч”, юм.
 
    Тэр одоо 80 шахам нас сүүдэр зооглож яваа ч  Аймгийн Ахмадын хорооны дэргэдэх “Ахмадын уянга” хамтлагт бүжиглэж, уян налархай, уран тансаг бүжгээрээ үзэгч олныхоо талархал таашаалыг хүлээж бахархалыг төрүүлсээр явна.
 
   Биеийн тамир спорт, урлаг уран сайхны асар их авьяасаа залуу хойч үе хүүхэд залуустаа өвлүүлэн сургахад онцлон анхаарч, залуу ардын авьяастнууд болон таван зээгийн хамт “Эмээгийн бахархал” уран сайхны бүрэн хэмжээний тоглолтоор нутаг орныхоо үзэгч түмэнд бэлэг барьж, улсын тэргүүнйи гуравдугаар сургуулийн сурагчдын дунд бүжиг, одон бөмбөгийн дугуйлан хичээллүүлж, хүүхэд залуусынхаа хайр хүндэтгэлийг хүлээсээр яваа түүнд Монголын ахмадын холбооноос “Гэрийн сайн багш” цол тэмдэг хүртээжээ.
 
    Алдар тэмдэглэх өдөрлөгийн дараахан түүнтэй уулзаж баярын сэтгэгдэлийг  нь сонсоход: Миний хөдөлмөрийн алдар өдөрлөг сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо.
 
Энэ сайхан ажиллагааг санаачлан зохион байгуулсан долоодугаар багийн ИНХ, ахмадын зөвлөл, ИНХ-ын дарга төлөөлөгчид н.Батбилэг,Цэен-Ойдов, Баттөмөр нар, МАН-ын анхан шатны долоодугаар хороо,Мэдээлэл цахилгаан холбоо компани, ССАЖгазар, ХЖТеатр, Даланзадгад сумын ахмадын хорооны удирдлага хамт олон,Тээврийн байгууллагуудын ахмадын зөвлөл, Ахмадуудын рейки бясалгалын төвийн хамт олон,Ахмад багш нарын холбооны тэргүүн н.Амарсайхан, ХЦ-ийн 0131 дүгээр ангийн бэлтгэл офицер Буянхүү,ахлагч Алтангэрэл,багуудын ахмадын зөвлөлүүд,маш сайхан нэвтрүүлэг бэлтгэж явуулсан Өмнөговийн “Төв” ТВ-ийн хамт олонд маш их баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.
 
  Залуу хойч үе минь бие биенээ хүн ёсоор хүндэтгэн хайрлаж, эв эетэй байж, өв  тэгш хүмүүжил боловсролыг эзэмшиж, эрүүл энх урт удаан насалж эх орондоо ихийг бүтээж явахыг л хүсэж байна гэж өгүүлсэн юм.
 
      Түүний хөдөлмөрийн алдар тэмдэглэх өдөрлөгөөр МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан”-ы эрхэм алдар, Ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа” одонгоор энгэрийг нь мялаасанд туйлын баяртай явна.
 
    Ахмад ардын авьяастан Ц.Долгор эмээдээ авьяас билгээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээж, эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
                                                           
З.Пүрвээ. 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин