sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, чөлөөт бөхийн 23 хүртлэх насны буюу "U-23” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эмэгтэйчүүдийн 58 кг-д мөнгөн медаль хүртлээ.
 
Тэрбээр дэлхийн аваргын  алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы тамирчин Юзүрү Күманотой барилдан 1:6 гэсэн оноогоор ялагджээ. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байгаа бөгөөд эхний өдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан болсон юм. Энэ өдөр /2017.11.23/ монголын дөрвөн эмэгтэй хүч үзсэнээс 58 кг-д 2014 оны дэлхийн залуучуудын болон Ази тивийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, АТАШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгины “Алтан Гран при”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ А.Батцэцэг ийнхүү мөнгөн медаль хүртэв.
 
Тэрбээр Польшийн дэвжээнд эхний тойрогт 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, аваргын төлөөх барилдаанд Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан байна.
 
“U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо.
 
Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Мөн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс /“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алт/ медаль хүртээд байна. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг