sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт “Аврагч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Ануужинг урилаа.
 
-Балба улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, жиндээ хос медальтай ирлээ. Баяр хүргэе?
 
-Баярлалаа. Энэ тэмцээнд 30 орны 300 гаруй тамирчин өрсөлдлөө. Манай жинд 18 тамирчин хүч үзсэн. Би 91 кг огцомдож, 107  кг түлхсэн амжилттайгаар жиндээ мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Намайг бэлдэж, үргэлж хурцалдаг Хосоо багшдаа “Аврагч” спорт хорооны Г.Эрхэмбаяр ахдаа, гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье.
 
-Хувийн амжилт чинь үүнээс их байсан байх аа?
 
-Анх бэлтгэл дээр 105 кг огцомдож, 122 кг түлхсэн амжилт үзүүлсэн. Хэрэв энэ амжилтаа бататгасан бол Японд болсон дэлхийн аваргад түрүүлэх бүрэн боломж байсан. Гэвч тухайн үед надад тамирчны шаталт гэдэг зүйл явагдсан. Хэдийгээр өөртөө Ануужин чи болохгүй шүү гэж чадлаараа барихыг хичээсэн ч чадаагүй.
 
-Алтан медалийн үзүүрээс атгаад  л алдчихаж. Харамсалтай юм?
 
-Сэтгэл хөдлөл дэндүү их байсан. Учир нь миний бэлтгэл дээр хийсэн үзүүлэлт аваргын төлөөх тэмцээнд алтан медалийн болзол хангахад хангалттай байсан л даа. Тиймээс би өөртөө хэтэрхий бардамнаад, алтан медаль авчихлаа гээд бодчихсон. Энэ нь сэтгэлзүйн хувьд маш том алдаа болсон.
 
-Уул нь шагналт тавдугаар байраар амархан гараад ирчихсэн шүү дээ?
 
-92 кг огцомдож тавдугаар байрт ороод сүүлийн 96, 97 гэдэг өргөлт дээр барьсан бол амжилтаа ахиулах байсан. Гэвч сэтгэлзүйгээ барьж, тогтоож чадаагүй. Энэ нь миний дараа дараагийн тэмцээнд оролцох том сургамж болсон. Тиймээс Балбад болсон тэмцээнд энэ алдаагаа давтахгүй оролцох гэж их хичээж, сэтгэлзүйгээ бэлдсэн. 
 
-Анх хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Яагаад “төмөр өргөдөг” болчихов оо?
 
-Анх н.Гунгаа, н.Болдбаатар багшийнхаа удирдлага дор хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Өвлийн улиралд гадаа бэлтгэл хийх боломжгүй учраас хүндийн өргөлтийн тамирчидтай хамт зааланд бэлтгэл хийдэг байсан юм. Энэ үеэс Я.Дөрвөнжин багш намайг хараад, хүндийн өргөлтөөр хичээллэх санал тавьсан.
 
-2014 онд Тайландад болсон Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсныг чинь санаж байна?
 
-Манай спорт харахад ганцаарчилсан төрөл боловч ард нь үргэлж багийн амжилт дагаастай явдаг. Тухайн үед манайхан мөнгөн медалийг атгаад алдсан. Би тэмцээндээ муу оролцсон бол, эсвэл бусад тамирчид амжилт үзүүлж чадаагүй бол бид медалийн төлөө өрсөлдөж чадахгүй байсан.
 
-Энэ тэмцээн дээр спортын мастерын болзолоо хангасан байх аа?
 
-Бид багаараа амжилттай оролцсоны эцэст М.Анхцэцэг маань залуучуудын олимпийн эрх авч байлаа. Энэ тэмцээнээр би хувийн амжилтаа ахиулж, спортын мастерын болзолоо хангасан. Тэмцээний өмнөхөн аав минь бурхны орон руу явчихсан. Сэтгэлзүйн хувьд их тогтворгүй хүнд үе байлаа. Тухайн үед багш минь надад дэвжээнд гарахын өмнө “Миний охин энийг өргөөд л аавдаа бэлэг барьчих” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод цаашаа юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд өргөчихсөн зогсож байсан. Магадгүй их үнэ цэнэтэй, хэзээ ч мартагдахааргүй тэмцээн болж өнгөрсөн.
 
 
-Аав нь охиноо тэнгэрээс хараад баярласан байх аа?  
 
-Аав минь миний оролцсон тэмцээнийг нэг ч удаа үзэж байгаагүй. Хааяа аав минь байсан бол гэж бодогдох үе бий. Ямар ч байсан Ганзориг гэдэг нэрийг өндөрт өргөж, спортоороо амжилт гаргаж ачийг нь хариулна гэж бодож явна. Багшийн минь  “Энийг өргөөд л аавдаа бэлэг барьчих” гэсэн үг одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Одоог хүртэл дэвжээн дээр гарах бүртээ аавдаа бэлэг барьж байна гэж боддог.
 
-Аавын минь оронд аав болох сайхан багштай гэж дурссан. Хосоо багшийнхаа тухай яриач?     
 
-Ц.Хосбаяр багш маань биднийг өөрийн хүүхэд шигээ санаж, зөвхөн спортын тал дээр ч биш амьдралд хэрэгтэй олон зүйлийг зааж, сургадаг. Олон тэмцээний дэвжээ үзсэн, мундаг багшаасаа цаашид сурах зүйл дэндүү их байна. Багшийн маань багшийг н.Самбуу гэдэг юм билээ. Энэ хүний ачаар багш минь спортод хайртай болж, олон амжилт гаргасан тухайгаа ярьдаг. Бидэнд ийм сайн багшийг бэлдэж өгсөн тэр буянтай хүнд ч баярлаж явдгаа хэлье. Мөн миний анхны багш Я.Дөрвөнжин Д.Чинзориг гээд аав, хүү хоёр багшаа дурсахгүй өнгөрч болохгүй. Хоёр багш маань байгаагүй бол би энэ спортоор хичээллэхгүй байсан.
 
-Спортынхон Хосоо багшийг тань их хатуу гэх юм билээ?
 
-Манай багш харахад их хатуу ч дотроо уян, зөөлөн хүн. Хэлж байгаа үг нь үргэлж бидний төлөө байдаг. Бэлтгэл дээр загнаж, өндөр шаардлага тавьдаг ч цаг үргэлж биднийг хайрлаж, хамгаалж явдаг. Багш намайг эвий хөөрхий гээд байсан бол би хурцлагдахгүй байсан. Гэхдээ олон жил хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор хэзээ ямар үг хэлэх вэ гэдгээ сайн мэддэг юм шиг. Бэлтгэлээс бусад үед аавын охин ингээрэй , тэгээрэй гэж чин сэтгэлээсээ ханддаг. Зөвхөн дасгалжуулаад орхих биш яаж цалинтай болгох вэ, амьдралд нь залгуулчих юмсан гэж их гүйдэг. Г.Эрхэмбаяр аварга, Э.Оюунболд арслан болон үндэсний бөхөөр амжилт гаргаж байгаа олон мундаг тамирчин манай багшийн шавь нар. Ах нар маань бүгд биднийг дэмждэг. Энэ бол багшийн  минь буян.
 
-Санхүүгийн асуудал тамирчин бүхэнд байдаг том бэрхшээл. Үүнийг хэрхэн шийдэж байна?
 
-Одоогоор бид шигшээ багийн тамирчид учир улсаас зардлаа даалгаж байгаа. Анх зардлын асуудлаа шийдэхэд хүндрэлтэй байсан. Багш маань хүүхдүүдийнхээ танилцуулгыг бариад том компаниудаар гүйнэ. Ээж, аавыгаа зээл авахуулах асуудал энүүхэнд. Манай хамаатнууд хүртэл тэмцээнд явахад бага гэлтүй сэтгэлээрээ дэмждэг байсан. Тамирчин бүхний амжилтад хүрэх зам бартаатай байдаг. Зардалгүйгээсээ болж тэмцээнд явж  чадаагүй үе ч надад бий.
 
 
 
 
-Тамирчин бүхний мөрөөдөл олимп байдаг даа. Токиогийн олимп ч ойртож байна шүү?
 
-Би заавал олимпийн аварга болно гэсэн зорилготой. Чадна гэсэн итгэл надад байна. 2020, 2024 оны олимпод өөрийгөө бэлдэж байна. 2018, 2019 гээд олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд эхэлнэ. Манай шигшээ баг гурван эрх авна гэсэн зорилттой байгаа.
 
-2020 оны олимпод дөнгөж 23 настай байх нь. Цаашдаа ч олон олимпод орох ирээдүй харагдаж байна?
 
-Өмнө өөрийгөө жаахан голж, эмээдэг байсан бол одоо өөртөө дэндүү итгэлтэй болсон. Эхний ээлжинд энэ спорт багийн амжилтаас их хамаардаг учир багаараа бэлтгэлээ сайн хийж, Дэлхийн аварга, Азийн аваргад медальт, шагналт байруудад шалгарах хэрэгтэй. Хэрэв бэлтгэлээ алдахгүй байвал 2024, 2028 оны олимп ч миний өмнө нээлттэй байгаа.
 
-Хүндийн өргөлтийн холбоо тамирчдаа хэр дэмждэг вэ?
 
-Өмнө нь Хүндийн өргөлтийн холбооны дарга байсан Ч.Даваадорж даргатай хамт олон болон Ц.Хосбаяр багш маань 2013 оноос хойш энэ спортын хөгжлийн төлөө их зүйл хийсэн. Үүнээс өмнө манай улс дотроо залуучуудын аварга шалгаруулах ганцхан тэмцээнтэй байсан бол энэ хамт олон ажилласнаар жилдээ бид эх орондоо 10 гаруй тэмцээн зохион байгуулж байна. Энэ өрсөлдөөнийг дагаад хүндийн өргөлтөөр хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж байна.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин