sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын “Дэлхийн цом 2017”  Монголын нээлттэй тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
 
Тус тэмцээнд нийт 8 орны олон улсын их мастер цолтой 15, нийт 58 тамирчин өрсөлдөж байна.
 
Тэмцээнд ОХУ-ын их мастерууд болох дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, Латвийн тамирчин, Олон улсын их мастер, дэлхийн аварга Г.Валнерис нарын зэрэг дэлхийн шилдгүүд, манай улсаас Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Азийн хоёр удаагийн аварга, Монгол Улсын 7 удаагийн аварга, Олон улсын их мастер Г.Ганжаргал, Азийн аварга, Олон улсын их мастер Р.Манлай нарын их мастер тэргүүлсэн тамирчид оролцож байгаа юм.
 
Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад тамирчин нь 77 настай спортын мастер Д.Дорж байгаа бол хамгийн залуу нь 11 настай 84 дүгээр сургуулийн сурагч Б.Баярманлай /2016 оны Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт/, 2016 оны Өсвөрийн ДАШТ-ий аварга 17 настай М.Шийрэвжамц нарын залуу тамирчид байна.
 
Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Д.Чойжилсүрэн, “Монголд өмнө нь Эмэгтэйчүүдийн ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан бол энэ удаа Дэлхийн цомын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. Тэмцээн чансаа өндөр тамирчдын дунд өрнөж байна. 2016 оны статистикийн судалгаагаар 25-30 мянган хүүхэд залуус 100 буудалт даам тоглодог гэсэн тооцоо бий. Өсвөрийн тамирчид 5-6 наснаас эхлэн тоглож эхэлдэг. Өнгөрсөн жил Туркт болсон ДАШТ-д Монголоос 24 тамирчин оролцож Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Сүүлийн жилүүдэд 100 буудалт даамыг манай өсвөр үеийнхэн маш их сонирхон хичээллэх болсноор амжилт нь маш өндөр байгаа” хэмээн ярилаа.
 
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээн нийт есөн өрөг тоглож, дүнгээ гаргах юм.
 
Ж.Болор
Эх сурвалж:Монцамэ агентлаг