К.Роналду ФИФА-гийн шилдэг тоглогчоор тодорлоо

Нийтэлсэн: 2017-01-10 14:58:00

ЦЮРИХ. /ВВС/. Швейцарийн Цюрих хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас анх удаагаа зохион байгуулсан Оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын /Best Fifa Football Awards/ үеэр Португалын довтлогч Криштиану Роналду-г  “ФИФА-гийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин”-өөр шалгарууллаа. 
 
Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Роналду /31 настай/ “Барселона” багийн довтлогч Лионель Месси болон “Атлетико Мадрид” багийн Антуан Гризманн нарыг ардаа орхин энэ шагналыг хүртсэн байна. “Реал Мадрид” баг тавдугаар сард Аваргуудын лигт түрүүлэхэд, Францад энэ зун болсон “Евро-2016”-д Португалын шигшээ баг түрүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорсон билээ.
Харин АНУ-ын хөлбөмбөгчин Карли Ллоид “ФИФА-гийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин”-өөр шалгарсан байна.
 
Английн “Лестер сити” багийн дасгалжуулагч Клаудио Раньери “шилдэг эрэгтэй дасгалжуулагч”-аар, Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Сильвия Найд “шилдэг эмэгтэй дасгалжуулагч”-аар тодорсон бол  хамгийн гоёмсог гоолын эзэнд олгодог “Пушкашийн  шагнал”-ыг Малайзын “Пенанг” клубын тоглогч Мохд Файз Субри хүртжээ.
 
Байзаарай ... Оны шилдэг хөлбөмбөгчнийг хэдийн тодруулан “Алтан бөмбөг” шагналыг өгөөгүй билүү?
 
Тийм ээ ... Гэхдээ “ФИФА-гийн шилдэг хөлбөмбөгчин” гэдэг энэ шагнал бол “Алтан бөмбөг”-өөс өөр юм.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхийн шилдэг тоглогч ФИФА-гийн  “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байлаа. Энэ шагналыг 1956 оноос эхлэн “France Football” сэтгүүлтэй хамтран олгож байсныг өнгөрсөн оноос цуцалсан билээ.
 
Үүний оронд ФИФА  “Best Fifa Football Awards” ёслолыг энэ онд анх удаагаа тусад нь зохион байгуулж, дэлхийн шилдгүүдийг тодруулахад хамгийн гол шагналын анхны эзнээр Роналду шалгарлаа. 
 
Шилдэг хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдыг үндэсний шигшээ багуудын ахлагч нар, дасгалжуулагчид, спортын сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчдийн дунд онлайнаар явуулсан  санал асуулгаар анх удаагаа тодруулсан нь энэ юм.
 
ФИФА-гийн шилдэг эрэгтэй тоглогч-Криштиану Роналду
 
2016 он Роналдугийн хувьд үнэхээр ололт амжилтаар дүүрэн жил байлаа.
Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод шийдвэрлэх торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, Клубуудын АШТ-д хэт-трик хийн “Реал Мадрид”-ыг аварга болгосон, Португалын шигшээ багийг тивийн аварга болгосон, “Алтан бөмбөг”-ийн эзнээр дөрөв дэх удаагаа тодорсон ... түүний хувьд өнгөрсөн он амжилтаар бялхаж байлаа. Тэрбээр Мессигийн хийж чадаагүйг хийж чадсан болохоор “ФИФА-гийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин” гэсэн энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.
 
 
Статистик үзүүлэлт:
  • 44 тоглолт, 42 гоол, 14 оновчтой дамжуулалт
  • 2016 онд Европын топ таван лигийн тоглолтуудад дор хаяж 10 гоол хийсэн тоглогчдын нэг гоол хийхдээ зарцуулсан хугацаагаар гуравдугаарт бичигдэж байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн онд дунджаар 83,68 минутад нэг гоол оруулсан байна. Энэ үзүүлэлтээр нэгдүгээрт Радамель Фалкао /59,6 минут/, хоёрдугаарт Луис Суарез /82,57 минут/ бичигджээ.
  • Аваргуудын лигийн 2015-2016 оны улиралд 16 гоол оруулж, мэргэн буучаар шалгарсан. Хоёрдугаарт бичигдэж буй Роберт Левандовский-гоос 7-гоор илүү олон гоол оруулжээ.
Санал асуулгын дүн
Криштиану Роналду: Нийт саналын 34.54%
Лионель Месси: 26.42%
Антуан Гризманн: 7.53%
ФИФА-гийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин
 
АНУ-ын шигшээ баг Олимпийн медалийн тавцан дээр түүхэндээ анх удаагаа зогсч чадаагүй хэдий ч багийн ахлагч Карли Льод шигшээ баг болоод “Хьюстон Дэш” клубын бүрэлдэхүүнд тогтвортой амжилт үзүүлсэн тул шилдгээр шалгарчээ. Тэрбээр дэлхийн таван удаагийн шилдэг тоглогч Бразилын Марта, Олимпын алтан медальт Германы Мелани Берингер нарыг ардаа орхин энэ шагналын эзнээр тодорчээ.
Льод шагнал авсныхаа дараа хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд, би энэ шагналыг авна гэж төсөөлж ч байсангүй. Мелани 2016 онд үнэхээр гайхалтай сайн байсан” гэжээ.
 
 
Санал асуулгын дүн
Карли Льод: нийт саналын 20.68%
Марта: 16.60%
Мелани Берингер: 12.34%
ФИФА-гийн шилдэг эрэгтэй дасгалжуулагч
 
Багаа энэ улиралд Аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдээж чадсан “Лестер Сити” багийн дасгалжуулагч Клаудио Раньери энэ жил шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртлээ. Тэрбээр “Реал Мадрид”-ын Зинедин Зидан, Португалын шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос нараас илүү олон санал авснаар шилдэг дасгалжуулагч болсон байна.
 
 
Санал асуулгын дүн
Клаудио Раньери: нийт саналын 22.6%
Зинедин Зидан: 16.56%
Фернандо Сантос: 16.24%
ФИФА-гийн шилдэг эмэгтэй дасгалжуулагч
 
Германы шигшээ багийг анх удаагаа Олимпийн аварга болоход нь хөтлөн дагуулсан Сильвия Найд 2016 онд зодог тайлсан юм. Тэрбээр тус улсын шигшээ багийг 11 жилийн турш дасгалжуулсан билээ.
 
Риогийн Олимпын амжилт нь түүний шагналын цуглуулгыг баяжуулсан юм. Тэрбээр дэлхийн аварга бөгөөд Европын хоёр удаагийн аварга билээ.
 
 
Санал асуулгын дүн
 
Сильвия Найд: нийт саналын 29.99%
АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Жилл Эллис: 16.68%
Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Пиа Сундхаге: 16.47%
Пушкашийн шагнал 
 
2016 оны хамгийн гоёмсог бөгөөд шилдэг гоолын эзнээр Малайзын супер лигийн “Пенанг” клубын хагас хамгаалагч Мохд Файз Субри тодорсон байна.
 

 
Хөгжөөн дэмжигчдийн шагнал
 
ФИФА анх удаагаа  хөлбөмбөгийн жинхэнэ хөгжөөн дэмжигчдэд “FIFA Fan Award” шагнал олголоо. Анхны шагналыг “Ливерпуль” болон “Боруссия Дортмунд” багуудын хөгжөөн дэмжигчид хүртсэн байна Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Европын лигийн шөвгийн наймын тоглолтын өмнө цэнгэлдэх хүрээлэнд цугласан хоёр багийн хөгжөөн дэмжигчид Хиллсборогийн эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн дурсгалыг хүндэтгэн “You’ll Never Walk Alone” дууг хамтдаа дуулсан юм.
 
 
Уг тоглолт “Ливерпуль”-ийн 96 хөгжөөн дэмжигчийн аминд хүрсэн Хиллсборогийн эмгэнэлт явдал болсноос хойш 27 жил өнгөрснийг нэхэн дурсах өдрийн өмнөх өдөр болсон билээ.
 
Шударга тоглолтын шагнал
 
ФИФА “Шударга тоглолтын шагнал”-ын эзнээр Колумбын “Атлетико Насьональ” багийг тодрууллаа.
 
 
Бразилын “Шапекоэнсе” багийн 19 тоглогч Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Copa Sudamericana” тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байгаад нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ. Энэ эмгэнэлт явдлын дараа “Атлетико Насьональ” багийнхан тэмцээний аваргын цомыг “Шапекоэнсе" багт гардуулан өгөхийг хүсчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Manai coach captain 2n ogson sanaliig harchaarai

    Goal, 2017-01-10 19:44:22, 123.243.81.93Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: