sonin.mn
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Э.Энх-Амгалан, эмэгтэйчүүдийн ангилалд Г.Отгонтуяа нар тэргүүлэв.
 
Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй байв. Мөн АИХ-ын депутат, УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, оюун ухаанаа уралдууллаа.
 
Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд Нийслэлийн Баянгол дүүргийн тамирчин Э.Энх-Амгалан 8.0 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү 6 оноогоор, тавдугаар байрт Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ 6 оноогоор тус тус шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа 6 оноогоор удаалж, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан мөн 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.
 
Түүнчлэн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор АИХ-ын депутат 77 настай Д.Найдан, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор 64 настай Г.Цэгмид нарыг тодруулсан бол “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар 5.0 оноогоор тодорчээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг