sonin.mn
Богд Дүжингарав хайрханы ар хормой, Бугын сангийн аж ахуй хавиар өчигдөр яваад ирлээ. Тэнд байрлаж буй Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэнүүд” галаар орохын ялдамд газар нутгийн байдалтай танилцсан юм. Булганы бөхчүүдийн байрлаж байгаа байшингийн цаахнатай хэсэг морьд байхыг очиж харав. Цацаг, нөмрөг болсон, уралдаанд сойж байгаа бололтой морьд байх аж.
 
Урьд жилүүдэд бол өдийд малын зоо тэнийгээд, морьдын уяа чангарчихсан, ид ирэн дээрээ байдаг цаг. Гэтэл энэ жил арай биш ээ. Туранхай гэж жигтэйхэн, яс нь хэрзийгээд цаанаа л нэг ядрангуй харагдаж байна. Бугын сангийн аж ахуйгаас нааш явах замд таарсан бог, бод ялгаагүй тарга тэвээрэг авч чадаагүй нь илт харагдаж байснаас үүдэн үүнийг бичмэглэв.
 
Энэ жил нийт нутгаар урьд жилүүдээс илүү гандуу байна. Улсын байнгын онцгой комисс шалгалт хийхэд 21 аймгийн талаас илүү хувь нь гантай байгаа нь тодорхой болсон гэнэ. Нийт газар нутгийн талаас илүү нь гантай, гандуу байгаагаас болж, мал тарга тэвээрэг аваагүй байгаа нь ч тодорхой.
 
Хавартаа хавсарга, шуурганд нүдүүлж, олигтой тарга тэвээрэг авч амжаагүй байхад улсын наадам тулчихлаа. Тиймээс Улсын баяр наадамд морьдыг уралдуулах зайг багасгах шаарддагатай байна. Баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах журамд азарга 22-24 км, их нас 25-26 км, соёолон 22-24 км, хязаалан 17-19 км, шүдлэн 12-14 км, даага 10-12 км-ээс уралдуулна гэж заасан байдаг.
 
Өмнөх жилүүдийн туршлагыг харахад даагыг 11 км, шүдлэнг 13 км гэх зэргээр дээд, доод хэмжээг дундажлаад уралдуулдаг байлаа. Тэгвэл энэ жил журамд заасан хамгийн доод хэмжээг ч багасгах шаардлага гарч байж магадгүй. Даагыг ес, шүдлэнг 11 гэх мэтчилэнгээр багасгавал гарах эрсдэлээс сэргийлж чадах мэт санагдах юм.
 
Монгол морьд тэсвэртэй, чадалтай. Гэвч зуншлага сайн жилүүдэд ч бахардаж унасан морьд цөөнгүй гардаг байсан. Энэ удаагийнх шиг хавраараа шахуу наадамлаж байсныг санахгүй юм. Ийм эгзэгтэй үед монгол морьдын шандсыг үзнэ гээд ердийн үе шиг уралдвал олон хурдан буян эндэж мэднэ. Одоо унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар дээр, дооргүй анхаарах болсон цаг.
 
Тамир тэнхээ сэлбэж амжаагүй морь бахардаж уналаа гэхэд хүүхэд хамт унаж таарна. Олон морь унах тусам олон хүүхэд унах эрсдэл үүснэ. Бид өнөөдөр морь уралдуулж, баясч цэнгэхээсээ өмнө аюулгүй байдлыг маш сайн хангах шаардлагатай.
 
Нийт нутаг гандуу, морьд тарга тэвээрэг авч чадаагүй байгаа энэ хүнд үед морьдыг жирийн үетэй адил зайд уралдуулбал жил тойрон овьёосоор тэжээгдэж байдаг баячуудын морьдын хооронд л наадам болох гээд байна. Энэ асуудпыг сайтар бодолцохгүй бол жирийн ардын морь түрүүлж болдоггүй наадам гэгч нь чухам энэ жил болж магадгүй нь.
 
Зарим аймгийн баяр наадам зохион байгуулах комисс цаг үеийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, тохирсон шийдвэр гаргаж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байна. Тухайлбал, ган гачигт нэрвэгдсэн Хэнтий аймгийн Баяр наадам зохион байгуулах комисс хуралдаад, наадмаар морин уралдааны зайг хоёр километрээр наашлуулсан байна.
 
Харин Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс энэ талаар тодорхой шийдвэр одоогоор гаргаагүй байгаа юм. Тиймээс энэхүү саналыг авч үзэх боломжтой билээ.
 
Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин