sonin.mn

1700 гаруй жилийн түүхтэй наран ургах зүгийн хүчирхэг гүрэн Японы үндсэний спорт сүмо бөхийн бүх цаг үеийн түүхэн дээд амжилтыг Монгол Улсын Далай даян дархан аварга Жигжигдийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал эвдэж бараг л “мөнхийн” гэж хэлж болохуйц амжилт тогтоолоо. Учир нь Япончуудын хувьд “Мөнхийн их аварга” хэмээн бурханчлан шүтдэг байсан 48 дахь их аварга Тайхогийн 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлэн тогтоосон 32 түрүүг 69 дэх их аварга М.Даваажаргал мөн л нэгдүгээр сарын башё дуусахаас хоёр хоногийн өмнө 13 даваагаар шинэчлэн тогтоож 33 болголоо.


Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бүх цаг үеийн тэргүүн манлай ёстой л “мөнхийн” их амжилтын эзэн Хакухо Даваажаргалын энэхүү гайхамшигтай амжилт магадгүй 100 жил ч эвдэгдэхгүй байх боломжтой. Учир нь Япончуудын бурхан Тайхогийн 11 жилийн их хөдөлмөрийн үр дүнд тогтоосон “мөнхийн” 32 түрүүг найман жилд 33 болгон ахиулан тогтоогоод байгаа М.Даваажаргал их аварга маань энэ 2015 оны гуравдугаар сарын 11-нд 30 нас хүрэх идэр залуухан аварга билээ. Монголчууд “40 хүрсэн эр, дөрөө даах ат” хэмээдэг нь эр хүний нас, бяр 40 насанд ханадагийг илэрхийлсэн үг билээ.


Тэгвэл эр хүний ид дунд насанд хүрэхэд Хакухо Даваажаргал их аваргад дахиад 10 жилийн хугацаа байна гэсэн үг. Жилийн зургаан башёгаар тооцвол түүнд дахиад 40 башёд түрүүлэх өрсөлдөөнд зогсож байх бололцоо бий. М.Даваажаргал аварга Токио хот 2020 оны олимпийн их наадмын эрх авах үеэр “Аав минь 1964 оны Токиогийн олимпод барилдаж гурав ялаад дөрөвдүгээр тойрогт торгуулиар ялагдан долдугаар байранд орж байсан юм билээ. Тийм болохоор би 2020 оны Токиогийн олимп хүртэл барилдахыг хүсч байна” гэсэн байдаг.

Тэр болтол дахиад дор хаяж 30 башё бий. Хакухо Даваажаргал их аварга Токиогийн олимп хүртэл наад зах нь 10-15 түрүүлэх бүрэн боломжтой. Товчхондоо Токиогийн олимп эхлэх үед их аварга Хакухо дээд зиндаанд 45 түрүүлчихсэн ёстой л үлгэрийн гэмээр хойшид хэн ч эвдэх боломжгүй “мөнхийн” дээд амжилтаа тогтоочихсон байх бүрэн боломжтой. Анх 2001 оны гуравдугаар сарын башёгаас мэргэжлийн сүмод хүч үзэж эхэлсэн Хакухо Даваажаргал гурван жилийн дараа буюу 2004 оны тавдугаар сарын башёгаас дээд зиндаанд барилдаж эхэлсэн бол гуравхан жилийн дараа 2007 оны тавдугаар сарын 30-нд 22-хон насандаа мэргэжлийн сүмогийн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх их аварга, ёкозүна цолтон болжээ.

Одоогоос 15 жилийн өмнө Японд хөл тавьсан М.Даваажаргал хүү мэр­­гэжлийн сүмо­­гийн 3-4 дэвжээнд шалгуулсан ч жин, өндөр нь хүрэхгүй гологдоод буцах гэж байхад нь Кёкүшюзан Д.Батбаяр Миягино дэвжээн дээр дагуулан очиж дэвжээнийх нь багшид хүчээр шахуу өгчихөөд явсан гэдэг. Гэтэл нөгөө гологдол нь гуравхан сарын дотор 25 кг жин нэмж, өндрөөшөө дөрвөн см өсч дэвжээний эзнийг төдийгүй дэвжээний найз, хамаг л зовлон жаргалаа хуваалцсан Рюүо Э.Санчирболдыг гайхшруулсан гэдэг.

Цолгүй шинэ залуу бөхийн хувьд ахмад бөхчүүдийнхээ хоолыг хийж, шал шавхайтай зууралдахын хажуугаар бэлт­­гэлээ хийж бусад цагт нь дэрэн дээр толгой тавингуут л хурхирч эхэлдэг М.Даваажаргал тэр цагаас эхлэн ёстой л үлгэрт гардаг баатар шиг цаг, өдрөөр өсч бяр тэнхээ нь жигдэрч эхэлжээ. Байнга л унтаж байдаг түүнийг зарим үед “Энэ одоо зүгээр байгаа даа” гэж Э.Санчирболд найз нь сэмээрхэн очиж чагнаж үздэг байсан гэдэг. Тэр үед 171 см өндөртэй байсан Хакухо эр өсч, эсгий сунадаг үгийг баталж өнөөдөр 193 см өндөр, 151 кг жинтэй аргагүй л энэ цагийн агуу аварга болжээ.


Өнөөдөр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 33 түрүүлэн түүхэн дээд амжилт тогтоохдоо 11 башёд уналгүй 15 давж түрүүлсэн амжилтаар нэгдүгээрт, долоон башёд дараалан түрүүлсэн амжилтаар бас л эхэнд нь гээд маш олон дээд амжилтыг Хакухо Даваажаргал ганцаараа эзэмшиж байна. Тэрээр хувийн дээд амжилтаа байнга ахиулахаас гадна 130 сая хүнтэй Японы уламжлалт соёл, сүмо бөх дэлхий даяар түгэн тэлгэрч бөмбөрцгийн өнцөг булангийн хүмүүс шимтэн үздэг болоход гол гавьяа байгуулсан гэдгийг заавал дурдах учиртай.

Түүний түүхэн дээд амжилтыг үзэхээр энэ сарын башёгийн 15 өдөр Токиогийн сүмогийн ордон үзэгчдээр дүүрэн байсан нь 18 жилийн дараа тохиож байгаа түүхэн үзүүлэлт ажээ. Мөн өчигдрийн хамгийн сүүлчийн барилдаан буюу Хакухо Даваажаргал, Какирюү Ананд нарын барилдаанд урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн олон буюу 61 ширхэг бооцоо тавигдсан нь хөх Монголын хүчирхэг хөвгүүд мэргэжлийн сүмог ямархуу өрсөлдөөнтэй, үзүүштэй, сонирхолтой болгож байгаагийн хамгийн яруу тодорхой үзүүлэлт мөн.

Тэмцээний сүүлийн өдөр арлын Японд төдийгүй даян дэлхийд Монгол хүний нэр алдрыг дуурсган мандуулж яваа хүчирхэг хүүгийн­­хээ түүхэн амжилтын хөөр баяр­­ыг хуваал­­­­цахаар Токиод хүрэлцэн очсон Дар­­хан аварга Ж.Мөнхбат энгэр дүүрэн одонгоо гялалзуулан суухыг харахад жинхэнэ Монгол омогшлоор цээж дүүрч байсан юм.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Далай даян дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх, бүх цаг үеийн хамгийн агуу аварга Хакухо Даваажаргалын даян дэлхийд Монгол Улсын нэр хүндийг өргөн мандуулж яваа их нэр хүнд, 1700 жилийн түүхтэй сүмо бөхийн ноён оргилыг өрсөлдөгчгүй ганцаараа эзэгнэж байгаа агуу их гавьяаг нь үнэлж Монгол Улсын хөдөлмөрийн баатрын алтан таван хошуугаар энгэрийг нь мялааж, хотол түмнийхээ хайр талархлыг илэрхийлэх цаг болжээ, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо. Тэрээр аргагүй л ХХI зууны их аварга, 130 сая хүнтэй их гүрнийг өмнөө толгой бөхийлгөсөн “мөнхийн” амжилтын эзэн хөх Монголын хүчирхэг хүү билээ.

Эх сурвалж: