sonin.mn

NВА буюу Америкийн Үндэсний сагсан бембөгийн холбооны "New Orleans Hornets” багт тоглож байсан мэргэжлийн сагсан бөмбөгчин Карлделл Жонсонтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр Монголын Үндэсний супер лигт тоглохоор хүрэлцэн ирсэн юм.

-Манай улсад ирэхээсээ өмнө Монголын талаар хэр мэдээлэлтэй байв. Бусад легионер тамирчинтай холбоотой байсан уу?

-Үнэндээ сайн мэдээлэлтэй байгаагүй. Сайн мэдэхээс Френк Хонк байна. Бид АНУ-д коллежийн сагсан бөмбөгийн багт хамт тоглож байсан юм.

-Таныг гурван жилийн өмнө Монголын лигээс урьжээ. Энэхүү урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүсэлтийг анх хүлээж аваад сэтгэл маш их хөдөлсөн. Мөн тухайн үед өөрөөрөө бахархаж байсан. Монголын лигт тоглох анхны NВА-ийн тоглогч болсондоо баяртай байна.

-Та Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "New Orleans Hornets” багт тоглож байжээ. Харин коллежийн сагсан бөмбегийн лигт ямар багт тоглож байв?

-Би оюутан байхдаа буюу 2002-2006 онд Солт Лейкийн коллеж болон Аламагийн Бирминхэмийн их сургуулийн багт тоглож байсан. Анх Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Сан Антониа сперс” багт 2007 онд тоглогчоор орсон юм. Дараа нь төрөлх хотынхоо буюу "New Orleans Hornets” багийн хамгаалагчаар тоглож байсан.

-Америкаас өөр улсад урилгаар тоглож байсан уу?

-Би 2006-2007 онд Бельгийн мэргэжлийн лигийн “Вервиерс Пепинстер" багт болон Мексикийн дээд лигт урилгаар тоглосон. Монгол Улс миний хувьд урилга авсан гурав дахь орон юм.

-Манай Үндэсний лигийг сонгоход юу нөлөөлөв?

-Монголын Үндэсний лигийн талаар гурван жилийн өмнөөс сонсох болсон. Олон улсад чансаа нь өсч буй лиг учраас сонгосон.

-Та ирэхээсээ өмнө Монголын сагсан бөмбөгчдийн бичлэгийг үзсэн байх. Тэдний тоглолтоос юуг онцлон ажигласан бэ?

-Монголын тамирчид талбайн бүх байрлалд гайхалтай чадварлаг тоглодгийг ажигласан. Сайн тамирчид ч их байна. Бусад орны сагсан бөмбөгчинтэй харьцуулахад монголчууд илүү хүчтэй тоглолтоороо ялгардаг.

-Монголын лигийн өрсөлдөөний талаар юу хэлэх вэ?

-Танай улсын лигийн талаар судлахад их өрсөлдөөнтэй болдгийг анзаарсан. Цаашид ч өрсөлдөөн их гарах нь ойлгомжтой. Тиймээс бэлтгэлээ сайтар хийж, уран гоё тоглолтоор монголчуудад бэлэг барихыг хүсч байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: