sonin.mn

Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам дэлгэр сайхан боллоо. Эр бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн уран хурц барилдаан, эвэр нумаа эвшээлгэн татсан эрхий мэргэн хараавчдын уухайн дуу, эрэмгий хурдан алтан туурт ажнай хүлгүүдийн дурдан шаргал тоос энэ бүхэн хаа нэгтээ давтагдашгүй, зөвхөн Монгол хэмээх эрхэм нэрээр овоглогдсон их баяр цэнгэл билээ.

Ийм л үнэ цэнийг хадгалсан өнөө жилийн наадмаар Зэвсэгт хүчнийхэн өнгөтэй сайхан наадаж, шинэ цолтнуудаар эгнээгээ тэлснийг наадмын тухай яриа хуучраагүй эл өдрүүдэд онцлон дурдахад таатай байна. Тэдний нэг Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, "Sunday" группын бөх Монгол Улсын отгон начин Б.Бадамсүрэнг "Залуус"-ынхаа хойморт урьж ярилцлаа.

-Юуны өмнө Танд бөхөд хайртай уншигч олныхоо өмнөөс баяр хүргэе...

-Баярлалаа. Хүннү гүрний 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаараа наадамчин олноо баясган өнгөтэй сайхан барилдаж, Улсын начин цол хүртсэндээ баяртай байна.

-Начин цолны болзол биелүүлчихээд Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тойроод дэвж явах тэр агшинд ямар сэтгэгдэл төрж байв?

-Бахархал, омогшил бадраад л үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Бас маш их баярласан. Үндэсний өв соёл, зан заншил, ёс уламжлалыг хадгалсан Төрийн их баяр наадамдаа зодоглож, бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг наадамчин олноо баясгасан сайхан барилдааныг харуулж, улсын цолтнуудын тогоонд багтана гэдэг хялбар даваа биш. Бэлтгэл сургуулилт, хүч хөдөлмөрийн маань л үр дүн шүү дээ.

-Cap шинийн болон Бүх цэргийн наадам гээд л томоохон барилдаануудад түрүүлсэн бөхчүүдээс наадамчин олон илүү их амжилт, цолыг хүлээдэг юм билээ. Харин өнөө жилийн Бүх цэргийн наадмын түрүү бөх Таны хувьд өөртөө хэр итгэлтэй байв?

-Ямар ч бөх өвдөг шороодно гэж зодоглодоггүй шүү дээ, мэдээж улсын цолонд хүрэхийн төлөө хичээлгүй яахав. Хэдийгээр улсын цолонд хүрчих юмсан гэсэн битүүхэн зорилго тээсэн ч хамгийн гол нь наадамчин олноо баясгасан уран хурц барилдааныг харуулах юмсан, үндэсний бөхийн барилдаан гэдэг энэ том өв соёлын мөн чанарыг таниулсан тийм сайхан барилдааныг л үзүүлье гэдэг бодлыг наадмын урд оройноос тээсэн дээ. Ер нь урьд, урьдын барилдаануудыг бодвол маш тайван барилдсан.

-Алдархаанаас сүүлийн бараг 60 жилд улсын цолтой бөх төрөөгүй, өнөө жил хоёр начин цолтон төрлөө гэж онцолж байсан...

-Тийм ээ. Энэ жил Завханчууд тэр тусмаа Алдархаанчууд маш сайхан наадлаа, манай сумаас сүүлийн 50 гаруй жилийн наадмаас улсын цолтой бөх төрөөгүй юм билээ. Харин энэ жил Л .Лха-Очир бид хоёр улсын начин цолонд хүрч, нутгийн зон олноо баярлуулж чадлаа.

Бид хоёр чинь нэг өвөлжөөнд өсч өндийсөн, унаган багын найзууд, нэг дор тоглож өссөн найзтайгаа хамтдаа начин цол хүртсэн учраас маш их бэлгэшээж, баярлаж байгаа.

-Нэг дорын хоёр хүү 50 гаруй жил тасраад байсан улсын цолонд хүрч, төрлөх нутгийнхаа нэр алдрыг Төрийнхөө их баяр наадмаар дуудуулна гэдэг нээрээ л бэлгэшээлтэй юм...

-Тэгэлгүй яахав. Төрөлх нутгийн зон олон төдийгүй, ард түмнийхээ итгэлийг дааж, цолоо бататгах, цааш нь ахиулах том хариуцлагатай тулгарсан гэж ойлгож байгаа. Амжилт гаргах, гаргасан амжилтдаа эзэн байх хоёр чинь өөр шүү дээ.

-Ингэхэд Үндэсний бөхөөр хэзээнээс эхэлж зодоглов?

-Манай эгч "Алдар" спорт хороонд жудо бөхөөр хичээллэдэг байлаа. Тэгээд л эгчийгээ дагаж ирээд Хосбаяр багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэснээр спортод анх хөл тавьсан даа.

Тухайн үед тав, зургаадугаар ангид л байж, өсвөрийн янз бүрийн тэмцээнд зодоглоно, чамлахааргүй амжилт үзүүлнэ, түүндээ урамшина, тэгээд л бөх болохоор эргэлт буцалтгүй шийдэж, улсын харцага Т.Нармандах багшийн удирдлагад 2006 оноос эхлэн үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн.

17 настайдаа сумынхаа наадамд зодоглож, сумын начин цол хүртсэн, бас хөрш зэргэлдээ зарим сумын наадмыг зорино, Түдэвтэй сумын 80 жилийн ойн хүүхдийн барилдаанд үзүүрлэж, унадаг дугуйгаар шагнуулж байсан гээд л урам авч, ирлэгдэж байсан сайхан дурсамжууд бий. Тэр үед дугуй гэдэг чинь маш том бай шагнал байлаа шүү дээ. Өөрөө хотод байсан учраас ээжийнхээ эгчийн хүүхдэд дугуйгаа бэлэглэчихээд ирж байлаа.

-Бөхчүүд дийлэнхдээ удам дагадаг гэх юм билээ. Таны хувьд...

-Тийм ээ, яах аргагүй удам дагадаг гэдэг. Миний ээжийн талд бөхийн удам бий. Өвөөгийн төрсөн ах Боогоо гэж нутаг усандаа алдартай, арслан цолтой бөх байсан гэдэг юм билээ. Тухайн үедээ Завханчууд тэр тусмаа Баян хайрхан сумынханы хайр хүндлэлийг хүлээсэн Даншигийн арслан хэмээгддэг сайхан бөх байсан гэдэг.

-Бас төрж өссөн нутаг ус, ахуй орчин, хөдөлмөр зүтгэл ч нөлөөлдөг байх...

-Тэгэлгүй яахав. Би дээрээ 3 эгчтэй, айлын отгон бөгөөд ганц хүү. Аав, ээж маань эгэл жирийн малчин хүмүүс. Тэгэхээр багаасаа л малд ойр байж, хурдны морь унах, эмнэг хангал сургах гэх мэт ажилд оролцож аавдаа тус нэмэр болох нь гарцаагүй. Тиймдээ ч бие бялдар чийрэгжин хат сууна, ер нь тэгээд хөдөөний хүүхдүүд хоорондоо барилдаж, ноцолдож л өсдөг шүү дээ.

Энэ бүхэн л бөх болоход нөлөөлсөн гэж ойлгодог. Харин амжилт гаргахад уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хамгийн чухал. Миний хувьд наадам болоод өнгөрлөө гээд хойш сууж, амсхийдэггүй, үргэлжлүүлээд л бэлтгэлээ базаадаг. Байнгын бэлтгэлтэй, ингэхдээ хамгийн гол нь ямар нэгэн бэртэл гэмтэл авахгүй байхыг чухалчилдаг даа.

-Аливаад сэтгэл хоёрдохгүйгээр бэлтгэл сургуулилтаа базаахад гэр бүл бас их чухал үүрэг гүйцэтгэх байх шүү, ер нь аав ээж, гэр бүл нь хэр сайн хөгжөөн дэмжигчид еэ?

-Бүгдээрээ л барилдаж эхлэхээс дэмжиж, урамшуулж, зоригжуулж ирсэн. Ялангуяа, аав маань бүр бага байхад л миний хүү сайхан барилд, тэгдэг юм, ингэдэг юм гээд л бага сага мэх зааж, өдөөж өгсөн. Одоо ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ базаах нөхцөл боломжийг маань миний хань бүрдүүлж чаддаг.

Тийм учраас ханьдаа баярлалаа гэж хэлье. Дундговь аймгийн Адаацаг сумын бүсгүй бий. Бид хүү, охин хоёртой. Мөн гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, өдий зэрэгт хүргэсэн багш нараа дурсахгүй байхын аргагүй. "Алдар"-ын, Чөлөөтийн гэж овоглогдсон Хосбаяр, Улсын начин Б.Адъяахүү, Улсын харцага Т.Нармандах, Э.Элбэг, М.Дармаабазар гээд олон сайхан багш,

Зэвсэгт хүчний 017 дугаар анги, "Sunday" группын хамт олон, найз нөхдөө дурдахад таатай байна. Шавь нараа барилдахад өөрөө барилдахаас илүү догдолж, бас илүү ядарч, яах бол гэж түгшиж суудаг хүмүүс бол багш нар л байдаг шүү дээ. Тийм болохоор багш нараа баярлуулж, сэтгэлд нь хүрсэн амжилт гаргахыг хичээдэг.

-Тэгэлгүй яахав. "Будаг нь үнэртсэн" начныг маш олон наадам, цол, чимэг хүлээж байгаа. Ингэхэд Та дээр унаач хүү байсан тухайгаа дурдсан, одоо бол харин уяач биз. Ер нь моринд хорхойсдоггүй монгол эр хүн ховор байх шүү...

-Моринд нэлээд хорхойсно, хэд хэдэн хурдан буян бий. Даанч өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг базаахаас илүү гарч чадахгүй болохоор хадам өвөөдөө хүргээд өгчихсөн. Эхнэрийн маань өвөө улсын алдарт уяач сайхан буурал одоогоор өвөө минь л аймаг, сумынхаа наадамд уяа, сойлгыг нь тааруулан уралдуулдаг. Ер нь цаашид өөрөө уяач болох бодол бий шүү.

-Өөрөө гарьд магнай, уясан хүлэг нь тoд магнай болсон явахыг үгүйсгэх аргагүй...

-Тэгэлгүй яахав. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг шүү дээ. Хүн өөрөө л хүсвэл юуг ч биелүүлж чаддаг гэж ойлгодог.

-Залуу хүн, тэр тусмаа бөх хүний хувьд Та монгол эр хүний ёс жудгийн тухай юу ярих вэ?

-Аливаад хүлээцтэй, хүлцэнгүй, шударга байх тэр мөн чанар монгол эрчүүдийн ёс жудгийн нэг илэрхийлэл юм болов уу. Цаашлаад хэзээ, хаана, хэнд юу хэлэхээ мэддэг, хүнд найз шиг найз байж чаддаг, хүний итгэлийг даасан шиг даадаг бас итгэсэн шиг итгэдэг, за гэсэн бол заавал түүндээ хүрдэг гээд л олон сайхан чанаруудыг тоочиж болно. Энэ бүхнийг өөртөө шингээсэн эр хүнийг л жудагтай эр гэж тодотгох байх.

-Тэгвэл Та энэ чанаруудыг өөртөө шингээж чадаж байна уу?

-Аль болох бүгдийг нь шингээчих юмсан гэж хичээдэг. Үгүй юмаа гэхэд айл гэрийн ноён нуруу, найз нөхдийнхөө түшиг тулгуур байж, аливаад хүлээцтэй, бас шударга хандахыг л хичээдэг дээ.

-Таны бахархал юу вэ?

-Монгол хүн болж төрснөөрөө ялангуяа, монгол бөх хэмээх эрхэм хүндлэлийг хүлээж яваагаараа л хамгийн их бахархаж, эх орныхоо онгон дагшин байгаль, Богд Очирваань хайрхандаа сүсэглэн залбирч явдаг.

-Хамгийн отгон начны хувьд Үндэсний бөхийн спортыг хэрхэн үнэлж, тодотгох вэ гэсэн асуултаар яриагаа өндөрлөе...

-Хаана ч давтагдашгүй үнэт өв соёл. Бас мэргэжлийн өндөр түвшинд хөгжиж байгаа үндэсний спорт гэж үнэлнэ. Энэ жилийн наадмаар л гэхэд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд ямар мундаг барилдав энэ чинь л мэргэжпийн түвшинд хөгжиж байгаагийн нэгээхэн илрэл шүү дээ.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр

Эх сурвалж: "Соёмбо" сонин