sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японы нутаг дэвсгэрт Америкийн пуужингаас хамгаалах цогцолборуудыг байрлуулах нь Япон улстай хөрш зэргэлдээ ОХУ болон бусад улсад аюул учруулахгүй гэж Японы батлан хамгаалах яамны сайд Ицунори Онодэра баасан гарагт Токиод хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Аюулгүй байдлын энэ систем нь манай иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалттай бөгөөд хөрш улсуудад аюул нүүрлүүлэхгүй юм” гэж И.Онодэра баасан гарагт болох ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Японы гадаад хэргийн сайд Таро Коно нарын яриа хэлэлцээтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдлийг тайлбарлахдаа хэлсэн байна.  
 
ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутагт АНУ-ын пуужингаас хамгаалах цогцолборуудыг байрлуулахтай холбоотой асуудлыг хөндөн хэлэлцэх ажээ. БНАСАУ зэвсэглэлээр идэвхтэй хөөцөлдөж байгаатай холбоотойгоор Япон улс Америкаас янз бүрийн зэвсэг их хэмжээгээр худалдан авах бодолтой байгаа тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг саяхан Японд айлчлах үеэр мэдэгдсэн юм.  
 
Ойрын үед Япон улс АНУ-ын пуужингаас хамгаалах Aegis Ashore цогцолборуудыг худалдан авахаар төлөвлөж байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, пуужингийн болзошгүй цохилт юм уу уналтаас Японы нийт нутаг дэвсгэрийг хамгаалахад газар дээр байрлуулах ийм хоёр төхөөрөмж хангалттай гэнэ. Нэг ийм цогцолбор нь 80 тэрбум иений (728 сая ам.долларын) үнэтэй юм байна.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг