sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сарын 18-25-нд болсон Хятадын коммунист нам (ХКН)-ын XIX их хурлын талаар өнөөдөр тус намын Төв хорооны Намын сургуулийн тэргүүн дэд захирал Хө И Тин танилцуулах уулзалт хийлээ.
 
Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцсон юм. XIX их хурлаар Ши Жинпинийг БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах болсон гэдгийг ноён Хө И Тин мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тэрбээр, “ХКН-ын XIX их хурлаар 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилт дэвшүүлсэн байна. Энэ нь марксизмийн онолыг Хятадын нөхцөл байдалтай нийцүүлэн баяжуулсан үзэл санаа бөгөөд 2020 он цаашлаад энэ зууны хагас гэхэд чинээлэг, эв нэгдэлтэй улс болох юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, соёл урлаг, нийгэм, экологи зэрэг бүхий салбарын үйл ажиллагааг өндөр түвшинд ахиулж төгөлдөржүүлнэ. 2050 он хүртэлх хөгжлийг үе гурван шатад хуваана. Нэгдүгээр үе шат иргэдээ ядуурлаас гаргах юм. Цаашлаад ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоор буюу 2021 онд ядууралгүй, дунд орлоготой улсыг бий болгоно. Улмаар 2050 он гэхэд баян, чинээлэг нийгмийг бүтээх юм. Энэ хугацаанд бид БНХАУ-ыг дэлхий нийтэд таниулах, ойлгуулах зорилт тавьсан. Тиймээс Хятадын гадаад харилцаа элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх зарчимд тулгуурлах болно” хэмээв.
 
Танилцуулгын дараа уулзалтад оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-БНХАУ-ын дарга Ши Жинпин Их хуралд үг хэлэхдээ Үндэсний аюулгүй байдлын асуудлаа хамгаалах асуудлыг онцлон тэмдэглэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын хороог 2013 онд байгуулсан. Энэ хороо үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлыг хэд хэдэн чиглэлээр авч үзнэ. Үүнд улс төрийн аюулгүй байдлыг хангах нь үндсэн зорилго байх юм. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хөгжил нь үндэсний аюулгүй байдлыг суурь нөхцөл байна. Түүнчлэн соёлын асуудлыг цогц байдлаар авч үзнэ. Энэ чиглэлд Үндэсний аюулгүй байдлын хороо холбогдох хууль, дүрмүүдийг батлан гаргаж байна. Тухайлбал, 2016 онд БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай, Тагнуул болон тероризмтэй тэмцэх тухай хууль зэргийг нэрлэж болно. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголтыг бага сургуулийн сурах бичигт оруулж өгсөн.
 
-Хятад улс хууриа замаар хиллэдэг орнуудтайгаа гадаад худалдаагаа хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримтлах вэ?
 
-БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг бүс, Нэг зам” бодлого бол хууриа замаар хиллэх орнуудтай гадаад худалдаа хийх том боломж. Энэ бодлого бол дэд бүтэц, эрчим хүч болон үйлдвэржилтийн хамтын ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй. Монгол бол нүүрсний баялаг ихтэй бол Казахстан улс бол газрын тосны нөөцтэй. Тиймээс дэд бүтцийн хөгжлөөрөө дамжуулан хөрш орнуудтайгаа худалдаа хийнэ.  Энэ хоёр бол мэдээж эрчим хүчтэй нягт холбоотой. Харин үйлдвэржилтийн тухайд бол харилцан хөрөнгө оруулалт хийх асуудал. ОХУ-Монгол-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах асуудал 2014 оноос эхэлсэн. Энэ талаар гурван улс нягт хамтран ажиллаж байгаа.
 
-Боловсролын салбараа олон улсын түвшинд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх вэ?
 
-Манай улсад олон их дээд сургууль бий. Тиймээс бид инновацийн хөгжлөөр тэргүүлэгч сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэх боломж бий. Мөн дэлхийн хэмжээнд ажиллаж буй эрдэмтэдийг эх орондоо урьж, энэ ажилд татан оролцуулах юм. Энэ чиглэлд ч төсвийн дэмжлэгийг илүү хүргэх болно.
 
-БНХАУ нүүрсний импортын чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
 
-Нүүрсний экспорт бол Монголын эдийн засгийн хөгжлийн чухал салбар. БНХАУ нүүрсээр газрын тос болон эрчим хүч үйлдвэрлэдэг. Тиймээс манай хоёр улс хамтран ажиллах боломж маш өндөр. Үүнд ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридор чухал нөлөөтэй.
 
-БНХАУ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэхэд шинжлэх ухааны хөгжлийг хэрхэн ашиглах вэ?
 
-ХКН инновацийн хөгжилд ихээхэн нхаарал хандуулж байгаа. Тухайлбал, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, эдийн засгийн үр нөлөө багатай төмрийн үйлдвэрүүдийг хааж байгаа. Нөгөөтэйгүүр цөмийн эрчим хүч, хурдны гал тэрэг, төмөр зам зэрэг үр ашиг ихтэй, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх болно.
 
-Бээжин хотын агаарын бохирдол асар их байсан. Агаарын бохирдлоо бууруулах, байгаль орчноо хамгаалах чиглэд ямар зорилт хэрэгжүүлэх вэ?
 
-Хятадын улс агаарын болон хөрсний бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Бээжин хотын агаарын бохирдол буурсан. Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хуучны бохирдол ихтэй автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байна. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх хамгийн хатуу хуулийг баталсан. Байгаль орчныг бохирдуулсан, сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан  албан тушаалтныг халж, дахин хэзээ ч төрийн албан тушаалд дэвшүүлэхгүй байх заалт оруулсан.
 
-Зүүнд хойд Азийн аюулгүй байдал, тэр ундаа Солонгосын хойгын асуудалд БНХАУ ямар байр суурьтай байна вэ?
 
-Зүүн хойд Азид цөмийн зэвсэг хэрэглэх ёсгүй гэсэн байрь суурийг бид одоог хүртэл баримталж байгаа.
 
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг