sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII их хурал энэ сарын 21-22-ны өдрүүдэд болох гэж байна.
 
Тус хурлаар намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга тайлан илтгэл, Хяналтын хороо тайлан илтгэл, XXVII их хурлаас хойшхи Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүдийг намын удирдлагууд тавих юм. Мөн намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлт зэргийг хэлэлцэхийн зэрэгцээ аймаг нийслэл, сум багаас оролцож буй төлөөлөгчдийн санал шүүмж, мэдээллийг сонсохоор болжээ. 
 
Хамгийн гол нь уг хурлаас МАН-ын даргыг шинээр сонгох ба хэн гэдэг эрхэм ирэх он жилүүдэд тус намыг удирдах нь вэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөхөөр хэвлэл мэдээллээр дамжуулж, албан ёсоор зарлаад буй.
Энэ удаагийн их хурал нь өмнөх хурлуудыг бодвол 1309 төлөөлөгч буюу хамгийн олон төлөөлөгч оролцох болсноороо онцлог хурал болох гэж байна. Одоогоор тусгайлан байгуулсан ажлын хэсгээс их хурлын бэлтгэл хангаж байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг