sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.
 
Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,
 
Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад
 
манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.
 
Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.
 
Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл,  ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
 
Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.
 
 
Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг баталлаа
 
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.
 
Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөрмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гишүүнээр оролцоно. 
 
Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх дараах байр суурийг баримтлана.
 
-Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын цалин хөлсийг цалингийн санд нь багтаан одоо мөрдөж байгаа журмуудыг шинэчлэн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн тооцох
-Ядуурлын болон инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан удирдах албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх
-Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх
-Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийн түвшинг хадгалах, халамжийг нэн тэргүүнд зорилтод бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, тэтгэмжийн хэмжээг 2017-2018 онд нэмэгдүүлнэ.
 
Товч мэдээ
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаал, Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.