sonin.mn
АФИН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ажил хэрэгт хандах хандлага болон улс төрийн үйлдлүүд нь ад чөтгөрийн мэт санагдаж болох хэдий ч үнэн хэрэгтээ тэр нь ач тустай байдаг юм байна гэж Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Америкийн төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.   
 
Риа Новости агентлагийн мэдээлснээр, Дональд Трамп болон Ципрасын яриа хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр америк сэтгүүлч Грекийн ерөнхий сайдад 2016 оны гурван сард Трампын ерөнхийлөгч болох магадлалын талаар хэлж байсан үгийг нь сануулаад, одоо түүний үзэл бодол өөрчлөгдсөн эсэхийг асуужээ. Тэр үед Грекийн Ерөнхий сайд “Энэ гайтай амьтныг дахиж харахгүй хэмээн найдаж байна” гэж хэлж байсан аж.  
 
“Би ч гэсэн ярьж эхлэхээсээ өмнө үүнийг мэдэхийг хүсч байлаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ципрасыг хариулахаас өмнө шоглон хэлсэн байна. Харин Ципрас энэ асуултад “Ерөнхийлөгчтэй уулзах үеэр би түүний ажил хэрэгт хандах хандлага болон улс төрийн үйлдлүүд нь ад чөтгөрийн мэт санагддаг хэдий ч тэр нь үнэн хэрэгтээ ач тустай байдаг юм байна гэдэгт итгэлээ” гэж хариулжээ. 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Риа Новости
Монцамэ агентлаг