sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын байнгын хороод энэ долоо хоногт хуралдаан зарлаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. 
 
Дээрх асуудлыг өнгөрөгч долоо хоногт байнгын хороод хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг Төсвийн тодотголыг хэлэлцэхийг эсэргүүцэж, байнгын хороодоос завсарлага авсан юм. Тус бүлгийн зүгээс огцорсон Засгийн газрын боловсруулсан Төсвийн тодотголыг хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 
 
Энэ долоо хоногийн хувьд, мягмар гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдах тов гарчээ. Харин лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн байнгын хороо хуралдах аж. 
Байнгын хороодын хуралдааны хуваарь ийм байгаа ч УИХ дахь АН-ын бүлэг ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг