sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 18 буюу лхагва гарагт дуусгавар болно.
 
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 10 дугаар сарын 4-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд дээрх 14 хоногийн хугацаа энэ лхагва гарагт дуусгавар болох юм. Энэ хугацаанд багтаан УИХ-д өргөн барьснаар байнгын хороод өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нэр дэвшигчийг 3 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, олонхын санал авсан нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүнээр томилох юм. Харин нэр дэвшигч олонхийн дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхий сайд 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэх хуулийн заалттай. 
 
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт МАН-ын Удирдах зөвлөл, дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг эцэслэн тодруулсан. Улмаар нэр дэвшигчдийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид өргөн барьж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь шалгаж, нягтлуулахаар АТГ-т хүргүүлсэн юм. АТГ-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг нягталж үзээд “ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн хариуг баасан гарагт ирүүлсэн. Харин Ерөнхийлөгчөөс одоог хүртэл хариу ирээгүй байгаа юм. Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг дэмжих эсэх хариугаа өнөөдөр өгөхөөр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна.
 
Гэхдээ Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг дэмжсэн эсэхээс үл хамааран зөвшилцсөнд тооцон, Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийг УИХ-д өргөн барьж, байнгын хороо, чуулганаар хэлэлцэн, томилох юм. Тодруулбал, Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх эрхтэй юм. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.
 
У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд:
 
• Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
• Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
• Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
• Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
• Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
• Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
• Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
• Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
• Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
• Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг нэр дэвшүүлээд байгаа.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг