sonin.mn
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. “Эхний бөмбөгийг хаях зайлшгүй нөхцөл байдал үүсэх хүртэл” Умард Солонгостой холбоотой хямралыг шийдвэрлэхийн тулд дипломат хүчин чармайлт гаргасаар байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэнийг “Си-Эн-Эн” телевиз уламжилжээ.
 
Ням гарагт “Си-Эн-Эн” телевиз Р.Тиллерсоныг урин “Ерөнхийлөгч Дональд Трампын “Твиттер” хуудсаараа дамжуулан хийсэн тантай холбоотой мэдэгдэлд хариулт өгнө үү?” гэж асуусан байна.
 
Д.Трамп өнгөрсөн сард “Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж цагаа дэмий үрэх хэрэггүй” гэж Р.Тиллерсонд хандан хэлсэн билээ.
 
Үүнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгостой холбоотой хямралыг дипломат хүчин чармайлтаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд дайныг хүсэхгүй буйгаа надад тодорхой илэрхийлж байсан. Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл бол зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд АНУ цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд өгсөн анхааруулга юм. Бид асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргасаар байх болно” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг