sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөх өдөр тараасан Хүүхдийн мөнгөнд Засгийн газар 140 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Энэ дагуу ОУВС-гийнхан шалгалт хийхээр ирээд байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэд тусламжийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хэлцлээ зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Шинжээчдийн багаа дуудаад байгаа юм.
 
Тэгвэл үүнээс гадна МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвхөн дахин санал хураалтад зориулж 173 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна.
 
Эх сурвалжийн мэдээллээр аймаг тус бүрд нэг 1.0 тэрбум, дүүргүүдэд 5-7 тэрбум төгрөгийг хуваарилсан гэнэ. Хамгийн гол нь энэхүү 173 тэрбум төгрөг хаанаас босов гэдэг анхаарал татаж байгаа юм. Сонгуулийн хуулийн дагуу аж ахуйн нэгж 10 сая, хувь хүн 3.0 сая төгрөгөөс дээш мөнгө хандивладаг. Монголын бүх компани энэхүү дээд хязгаараар хандивлаад ч 173 тэрбумыг босгоход хүндрэлтэй.
 
Ер нь бол хандиваар боссон гэвэл үнэнд нийцэхгүй. Харин дээрх мөнгө концессын гэрээ, нүүрс, Хөгжлийн банкнаас гарсан байх тун магадлалтай гэнэ.Түүнчлэн дээр дурдсан эх үүсвэрүүдтэй холбоотой зарим өндөр албан тушаалтнуудыг шалгана гэх мэдээлэл хуурай өвсөнд авалцсан түймэр шиг газар авч байна.
 
Тиймээс МАН-аас сонгуулийн үеэр зарцуулсан дээрх 173, ер нь 300 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль хяналтынхан тун удахгүй шалгахаар болж байна гэсэн үг юм.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин