sonin.mn
КАРАКАС. /Reuters/. Нисдэг тэрэгтэй нэгэн этгээд мягмар гарагт Венесуэлийн Дээд шүүхийн байрыг бөмбөгдөхийг завджээ. Энэ хэргийг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “террорист халдлага” гэж тодорхойллоо.
 
Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, армийн нэгэн офицер цагдаагийн газрын нисдэг тэргийг булаан авч, нийслэл Каракас хотын дээгүүр эргэлдэн ниссэн байна.
 
Нийгмийн сүлжээнд тавьсан дүрс бичлэгүүдээс үзвэл, нэгэн нисдэг тэрэг Каракас хотын дээгүүр шунгинан нисч буй нь харагдаж, хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож байна.
 
Нисдэг тэргийг булаан авсан офицер бололтой нэгэн хүн засгийн газрыг буруушаасан агуулга бүхий дүрс бичлэгийг мөн интернэтэд тавьжээ.
 
 
Өчигдөр болсон уг хэргийн үеэр хүний амь үрэгдсэн, хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байна.
 
Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаатай холбоотойгоор тус улсад зүүний төвч үзэлт засгийн газрын эсрэг жагсаал хоёр сар гаруйн өмнөөс эхлэн бараг өдөр бүр болсоор байгаа юм.
 
Тус улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 70 гаруй хүн амиа алдаад байна.
 
Ерөнхийлөгч Н.Мадуро мэдэгдэл хийхдээ “гэмт этгээд хэд хэдэн гранат шидсэн.  Энэ хэргийн ард байгаа хүмүүсийг аюулаас хамгаалах хүчнийхэн барих болно” гэжээ.
 
Өөрийгөө Оскар Перез гэж танилцуулсан офицер нь инстаграм хуудсандаа “зэвсэглэсэн, нүүрэндээ баг зүүсэн, цэргийн дүрэмт хувцастай залуус”-ын зураг тавьжээ.
 
Тэрбээр “гэмт хэрэг үйлдсэн засгийн газар”-ыг эсэргүүцэхийг венесуэльчүүдэд уриалсан байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг