sonin.mn
Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааг хааж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үг хэллээ.
 
-Сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Монгол орон, нийслэлийн есөн дүүргээ нар зөв тойрч, иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ хүрээнд 126 мянган иргэд, сонгогчтой нүүр тулан уулзаж, тэднийхээ итгэл сэтгэлийг тээсээр энэхүү хаалтынхаа ажиллагааг хийж байна. Монголын ард түмэн 2016 онд бидэнд өндөр итгэлийг хүлээлгэж,  өндөр хариуцлагыг үүрүүлсэн. Энэ даалгавар амар биш. Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн байсан. Энэ амаргүй даалгаврыг авснаас хойш нэг жилийн хугацаанд өдөр шөнөгүй ажилласны хүчинд сэхээний өвчтөнөөс энгийн тасагт шилжүүлж чадлаа. Өдрөөс өдөрт ханш нь унаж байсан монгол төгрөг харьцангуй тогтворжиж, өдрөөр ханш нь чангарч байсан ноён доллар буурч байгааг  та бүхэн мэдэж байгаа. Ирэх оны эхний өдрөөс тэтгэвэр, цалингаа нэмэх энэ бүх боломж бололцоо Монгол Ардын Намын байгуулсан УИХ, Засгийн газрын үед нээгдэж байгааг энэ дашрамд хэлмээр байна.
 
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл, аймаг, орон нутгийн удирдлагын баг нэгдсэн бодлого, нэг зорилготой байж, нэгдмэл хүчээр Монголын ард түмнийхээ аж амьдрал, сайн сайхны төлөө зүтгэх тэр боломж бололцоо бидэнд хэрэгтэй байна. Өнөөдөр ам нийлж шүүмжлэх бус, гар нийлж ажиллах цаг юм. Өнөөдөр эвдэрч хагаралдах биш эвлэрч ойлголцох цаг мөч юм. Монгол маань эвтэй байхдаа хүчтэй байж, ялан мандаж байсан түүхтэй. Эвдэрч, хагаралдаж явсан цаг үе болгондоо ялагдаж, уруудан доройтож байсан гашуун түүхтэй. Ийм учраас  дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх цаг тулж ирээд байна. 2016 онд Монголын ард түмнээсээ авсан том даалгавраа бүрэн биелүүлж, 2021 онд ард түмнийхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх тэр боломжийголгохыг хүсч байна. 
 
 
Манай нэр дэвшигчийн уриа нь “Эвтэй Монгол-Ээлтэй төр”, амьдралын философи нь эв найрамдал, мөрийн хөтөлбөр нь “Монгол төр-Монгол гэр”. Монголоо гэсэн сэтгэлтэй монголчуудын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж чаддаг нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг ард түмэн минь сонгож, Монгол Улсынхаа эдийн засаг, ард түмнийхээ аж амьдрал, үр хүүхэд, хойч үе ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийгээрэй. Төр засаг нь хэрүүлтэй бол эдийн засаг яаж хямардгийг өнгөрсөн жилүүдэд монголын ард түмэн өөрсдийнхөө амьдралаар мэдэрсэн. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйг та бид энэ жишээн дээрээс харсан. Нэр дэвшигчийнхээ хэлсэнчлэн төр тогтвортой байж гэмээнэ төгрөг тогтвортой байна гэдгийг дахин хэлье. Манай нэр дэвшигчийн намтар бол эвтэй Монгол, ээлтэй төр байж чаддагийг харуулсан, нотолсон бодит түүх юм. Миеэгомбын Энхболд хамгийн олон намын төлөөлөлтэй эв нэгдлийн Засгийн газрыг толгойлж байсныг та бүхэн мэднэ. Эв нэгдлийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа монголын ард түмэн, тэр дундаа төрийн албан хаагчид, ахмад настан, иргэдийнхээ цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлсэн бахдам амжилттай Засгийн газар байсан.
 
 
Монгол Улс долоо дахь удаагийнхаа сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Эргээд уулзах нүүртэй, төр улсынхаа өмнө хүлээх хариуцлагатай, эрийн жудагтай сайхан сонгууль болоосой. Хэн чанга дуугарсныг нь биш, хэн гоё ярьсныг нь биш, хэн илүү бодлоготойг нь, хэн нь илүү ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой хүнээ Монголын ард түмэн сонгоно гэдэгт итгэлтэй байна. Туурга тусгаар, элэг бүтэн, элбэг баян улс гэрээ улам өргөжүүлэн хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээсэн Монгол Ардын Нам, энэ намаас байгуулагдсан УИХ, Засгийн газар хийж бүтээхийн төлөө зүтгэж байна. Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, Монголын ард түмнийхээөндөр итгэл, дэмжлэгийг хүлээсэн нэр дэвшигчийнхээ бодлого, мөрийн хөтөлбөрийг биелүүлж, хэрэгжүүлэхээ Монгол Ардын Нам давхар амлаж байна.
 
 
Эвтэй Монгол ялна.