sonin.mn
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэргий Балжиннямын Тунгалагтай “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү ярилцжээ. Эгэл даруухан монгол эмэгтэй  Б.Тунгалаг энд тэнд ярилцлага өгч, үг хэлээд байх нь тун ховор. Харин Г.Алтантүрүү  түүнтэй төрсөн нутаг, ханийнх нь талаар хэрхэн ярилцсаныг сийрүүлэн хүргэж байна.
 
-Та Архангайн нутгийн хүн үү?
 
-Миний аав ээж Архангайн хүмүүс. Харин би Улаанбаатарт төрсөн. Гэхдээ эцэг эхийнхээ нутгаар овоглож явна шүү дээ.  Аав маань цэргийн хүн.  Ээж минь эмч. АУИС-ийг төгсөх жилээ ээж минь намайг төрүүлсэн байдаг. Тэгээд сургуулиа төгсөөд ээж Зүүнбаянгийн цэргийн анги руу хуваарилагдсан. Цэргийн хүний амьдрал нүүдэл суудал ихтэй шүү дээ.  Зүүнбаян, Төв аймаг, Улаанбаатар гээд энэ хооронд нүүж өссөн дөө.
 
-Аав ээж нь хэзээ Архангай аймгийн Чулуутдаа ирж сууршсан бэ?
 
-1993 онд нутагтаа ирсэн юм байна.  Би зургадугаар ангид орох гэж байлаа..  Яг тэр үед аав маань Төв аймгийн цэргийн ангид штабын дарга байж байгаад Цэргийн тагнуулын хоёрдугаар газрын даргаар очсон байсан.  Аав минь ажлаа бодоод хотод сууршина гээд ээж болохоор нутаг сайхан байна хөдөө гаръя гээд ээж минь дийлээд хөдөө ирсэн дээ.  Хэдэн жилийн дараа би эгчтэйгээ оюутан болж хамаатнындаа суусан.  Тэр үед л ханьтайгаа танилцсан даа.  Тэгээд Ганбаа маань аав ээж дээр минь ирж “Би охинтой чинь ханилмаар байна. Сайн сайхан амьдруулна ” гэж намайг гуйсан даа.
 
 
-Та яагаад С.Ганбаатарыг насан туршийнхаа ханиар сонгож, цэцэг шиг охидыг нь төрүүлэв?
 
-Итгэж дааж чадахаар хүний хань болохоор хүн юм байна гэдгийг анхнаасаа л мэдэрсэн. Миний ханийн мөн чанар цаг өнгөрөх тусам надад хүндлэл төрүүлдэг.  Анх танилцаад гэр бүл болохдоо 15 дугаар хороолол Сансарын тунелийн тэнд айлын хажуу өрөөнд амьдардаг байлаа. Ганбаа маань долоон чемодан номтой, цүнхтэй хувцсаа аваад ирж байсан.  Би бас хувцсаа аваад л айл болж байсан.
 
-Англи хэлийг хэрхэн сурах вэ гэдгээс эхлээд “Бизнесийн нүцгэн үнэн” лекц уншиж залуусыг манлайлаад явж байсныг нь би санаад байдаг. Дараа ҮЭХ-ны ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүн боллоо. Тэр тэр бүгдээс аль С.Ганбаатарт нь илүү сайн байсан бэ?
 
-Чиглэсэн зорилго нь адилхан байсан.  Монгол Улсыг өндөр хөгжилтэй бусад орноос дутуугүй байлгах юм сан.  Гурван охиноо ч гэсэн сайхан Монгол оронд амьдруулахсан гэж ярьдаг хүн.  Тийм учраас миний хувьд яг энэ нь ийм тэр нь тийм гэж тухайлж дэмжиж байгаагүй. Бүгдийг нь л адилхан дэмжиж ирсэн.
 
-Нэр дэвшигч маань эх орноо аврах төлөвлөгөөгөө танилцуулаад явж байна. Ер нь танай гэр бүлийн төлөвлөгөө юу юм бэ?
 
-Хүн бүхэн л үр хүүхдээ сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Бид хоёр ч гэсэн гурван охины хүний дайтай яваасай гэж бодно. Эрдэм мэдлэгтэй хамгийн гол нь их сайн хүн болгохыг хичээж байна.  Монгол сайхан ээж болгохсон гэж боддог. Миний ээж бас гурван охинтой.  Том болоод эрдэмтэй хүн болохоос илүү айлын эзэгтэй ээж болно. Эхнэр хүн үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, хань ижлээ хэрхэн хүндлэх вэ, монгол эмэгтэй ээж хүн юу юу хийж сурсан байх ёстой гэдгийг зааж сургасан. Би ч гэсэн ээжийнхээ нэгэн адилаар охидуудаа сайн ээж болгохсон гэж боддог.
 
 
-Та дээл оёчихно биз дээ?
 
-Хөдөө ирэхээрээ ээждээ туслаад дээл оёж өгдөг.
 
-Хотод бол зав бага байдаг байх л даа?
 
-Тийм шүү. Гэхдээ охидынхоо цагаан сар наадмаар өмсөх дээлийг нь оёдог.
 
-Анх аав болохдоо С.Ганбаатар ах  яаж хүлээж авсан бэ?
 
-Том охиноо төрөхөд хажууд минь байсан. Арай ухаан алдаад унаагүй. Би л юун Ганбааг анхаарах манатай байлаа. Өвдөөд л хэцүү байна шүү дээ. Сүүлд нь эх баригч эмч маань “Танай хүнийг би хатуу тэмцэгч, ширүүн, догшин хүн гэж бодож байсан чинь хань чинь уйлж байсан” гэж байсан.  Анх охинтой болчихоод бөөн баяр болж байлаа. Нандин үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан.  Хоёр дахь охиноо төрөх үед Ганбаа маань Үйлдвэрчний  эвлэлд очсон байлаа. Аймар өвдөөд л тариа хийлгэж байх хооронд эмч нар намайг эхнэр нь гэж мэдэхгүй “Өө энэ Ганбаатар гадаа сууж байх юм. Юугаа хийж яваан” гээд л яриад байна.  Тэгэхээр нь “Би эхнэр нь байна аа” гэсэн эмч маань сандарсандаа зүүгээрээ хэд хэд хатгачихаж билээ. /инээв/
 
-Эх хүний сэтгэл үр хүүхдээ хайрлаад зогсохгүй айлын хүүхдийг орж ирэхэд атга чихэр аваад өгдөг. Энэ бол эх хүний сэтгэл.  Энэ агуй сэтгэлийг та хувьдаа юу гэж ойлгодог вэ?
 
-Ээж болохоосоо өмнө эхийн сэтгэлийн нэг их сайн ойлгож байсангүй.  Мэдээж ээж хүн ямар агуу вэ гэдгийг хүн бүхэнд ярьж магтан дуулдаг. Өөрөө ээж болоогүй үедээ энэ сэтгэлийн цаад мөн чанарыг ухаж ойлгож чаддаггүй юм билээ. Анхныхаа хүүхдийг гаргаад төрөхийн орон дээр амлуулаад байж байх тэр агшинд ээж хүн ямар агуу юм бэ гэдгийг ойлгосон. Тэр хэмжээгээр өөрийн болон бусдын хүүхдийг хайрлаж эхэлдэг юм билээ.
 
 
 
-Хүн л болсон хойно ялагдах гундах зүйл гарна шүү дээ. Ялагдаад ороод ирэхэд нь та яг ямар үг хэлье гэж боддог вэ?
 
-Хань минь хүний төлөө зүтгэж яваа шүү дээ. Би гэр бүлдээ аль болох амар тайван халуун дулаан уур амьсгалыг бий болгохыг хичээдэг. Цаг хугацаа бүхнийг харуулах учраас зорьсондоо хүрэхийн энэ бүхнийг даваад гарах хэрэгтэй л гэж хэлдэг.
 
-Анх талбай дээр гарч жагссанаас хойшхи цаг хугацаа та хоёр юу харуулсан бэ?
 
-Хэзээ ч шантрахгүйгээр цаашид тэмцэж чадна гэдгийг би хангалттай харуулсан гэж боддог. Энэ нь буруу байна шүү, энэ гэрээ энэ улс төр булхайтай байна гэдгийг хэлэхээс илүү яах юм бэ. Тэгэхээр миний хувьд энэ цаг хугацаа харуулж байгаа л гэж бодож байна.
 
-Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг. Одоо төрөө засах цаг нь болсон уу. Цайг нь чанаж байгаа эхнэр хүний хувьд та юу гэж бодож байна?
 
-Болсон гэж боддог. Гэрээ засахын тулд заавал өндөр үнэтэй, баян тансаг хаустай болохыг хэлэхгүй шүү дээ. Яг одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун  үр хүүхэд үргэлжлэл нь байна.  Үүнээс өөрөөр яаж гэрээ засах вэ.
 
 
-Охидууд их эмзэг л дээ. Аав нь тэнд тэмцээд байна гэнэ. Элдвээр хэлнэ. Орой мэдээгээ ярина. Ер нь жаахан айдастай байдаг болов уу. Гэхдээ танай гэр бүлийн хамгийн аз жаргалтай мөч юу вэ?
 
-Орой хань маань “Гэр лүүгээ яарсаар ирлээ” гээд орж ирэх мөчид охидууд нь урдаас нь “Аав аа” гэж гүйлдээд л тэр мөч сайхан даа. Хажуугаас нь харсан манай найзууд нэг хонь хурга нийлж байгаа юм шиг л байх юм гэдэг.  Яг тэр мөчийг харах надад үнэхээр жаргалтай байдаг даа.
 
 
МАХН-ын сонгуулийн штаб