sonin.mn
Монголын ардчилал 30 нас дөхөж, хүнээр бол эрийн цээнд хүрлээ. Гэвч улс орон  өрөнд баригдан хямарч, хүн ард нь татварын дарамтанд opж, гэрэл гэгээ муутайхан цаг үеийг гэтэлж явна. Ээлжлэн төр барьж ирсэн МА(Х)Н, АН хоёрын "гавьяагаар" монгол түшээд маань эдийн засгийн хувьд улс орныг авч явах ямар ч мэдэлгүй болж, ОУВС-ын зангаа дохиогоор өдөр хоногийг өнгөрөөж, амиа аргацааж явна.Монгол улс гаднын банк санхүүгийнхэнд өөрийнхөө муугаас болоод голоо гогодуулчихаад байж байгаа энэ үед төрийн эрх баригчид маань зээлийг их хүүтэй зээлээр хааснаа, тэднээс үл хамаарах зарим түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд эрхбиш өсч эхэлснийг өөрсдийн гавъяа мэтээр сурталдаж, байдал нааштай болж байна хэмээн улайхгуй гөрдөцгөөж байна. Арга ядсан олны дунд "Эрх баригчид  дараагийн сонгуульд тараах мөнгөө босгох гэж дур мэдэн хулгайлж байх"ын оронд  гаднын банкны мэдлээр явбал харин ч Монголд арай дээр гэж үзэх хүмүүс ч байна. Сонгуульд ялагчид Эрдэнэтийг эзэгнэж аваад, намынхаа хүмүүсээр дүүргэж, ашиг орлогыг нь дээшлүүлэх гэхээсээ өмнө өөрсдийн тансаглалд үйлдвэрийн мөнгийг үрэлгэн зарж, дураараа дургицгааж байгааг шинэ захирал Бадамсүрэнгийн үйлдлээс бид харж байна. Эсэн бусан шахаа, хавсай болон бусад гарлагын амыг хааж, үйлдвэрийн ашигт ажиллагааг  дээшлүүлэхээ төлөвлөн хэрэгжүүлж, "ард түмний хөрөнгийг" хэрхэн дээш татахаа харуулж, орлого, зарлага, санхүүгийн мэдээг бүхэнд ил тод болгохын оронд анхны тушаалаараа зуу зуун саяар үнэлэгдсэн данхар машин, сандал тавилга авч тансаглах, өндөр цалинтай олон хурган дарга нарын орон тоог нэмэх г.м. бүтэлгүй шийдвэрүүд гаргаж байгаа нь бид хонио чоноор хариулуулсныг л баталж байна. Энэ бол сүүлийн жилүүдэд сонгуудьд ялсан нам хуйвалдааныхаа хүчинд эрдэж, гаргадаг болсон зүй бус авир араншингийн нэг тод жишээ юм. Бид үүнд дөжирч, түүнтэй эвлэрч болохгуй. Зөвхөн улс төрд алба хааж явсан хирнээ зарим эрх баригчид оффшор даансанд олон сая доллар хадгалуулах хүртлээ баяжиж, түүнийг нь сонгогчид шүүмжлэн, ядаж улс төрөөс зайлуулж шийтгэхийн оронд тараасан мөнгөнд нь урхидуулан дахин сонгож, толгой дээрээ гаргаж, өөрсдийгөө доромжлуулж байгаа нь Монголд ардчилал ирээд зуй зохисоороо хэрэгжиж чадахгүй, нэр төдий болж, харин ч башир аргаар шуналтангууд төрийг зайдагнахад нь дөрөө болж байна. Шуудхан хэлэхэд ардчилал Монголд ирээд модон бөглөө зоожээ.
Энэ зүй бус байдлаас гарахын тулд цаашид хүн бүр, сонгогч бүр өөрийн бодолтой амьдрахгүй бол Монгол улс байх байхгүйн ирмэг дээр ирж мэдэх нь байна. Улсынхаа төрхийг эдийн засаг талаас нь товчхон харъя. Ардчиллын жилүүдэд эдийн засгийн бүтэц дорвитой сайжирсангүй.
Дэлхийтэй харьцаж эхлээд бид юу хожиж вэ?  Өргөн хэрэглээний бараа, хоол хүнсээ хортой, хулхи гэхгүйгээр урд хөршөөсөө (86%), шатахуунаа хойд хөршөөсөө (96%) авч байна. Экспортын  90% нь түүхий эд, импортын 90% нь эцсийн бүтээгдхүүн, улсын эдийн засаг 90% уул уурхайгаас хамааралтай, тэр салбар нь өөрөө 83% гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай гэсэн мэдээ байдаг. Энэ бүтэц их өөрчлөлт шаардаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Хэвээрээ цааш үргэлжилсэн тохиолдолд монгол төгрөгийн ханш урт хугацаанд тогтвортой байх ямарч боломжгүй нь тодорхой байна. Бид чинь 21 -р зуунд хоёр хөршдөө сайн дураараа колоничлогдсон, өөрсдийгөө ардчилсан мундаг гэж цаасан малгай өмсөцгөөсөн, үнэн чанартаа хадаас ч хийж чадахгүй хоцрогдсон буурай, арчаагүй хэдэн амьтад байгаа юм биш биз.  Дээдчүүд "улс төрчид " нь  улсаас хуссан мөнгөөрөө авгай хүүхдүүдтэйгээ дэлхийн том хотуудаар shopping хийн (дэлгүүр хэсэн) зугаалж, данхар машин, дайлан хөөргөөрөө гайхуулж мангартсан, доодчууд нь талхаа таллаж дэлгүүрээс авахад мөнгө нь хүрэхтэй үгүйтэй бухимдацгааж, ардчиллыг зүхэж, аль учраа мэдэхгүй дэн дун, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн ийм үе байгаа юм биш үү.
Өнөөгийн эрх баригчид намдаа албан тушаалын хахуулиар олон тэрбумыг босгоход, өөрсдөдөө сая сая долларын оффшор данс нээх, харь оронд бөөнөөрөө очиж casino тоглож зугаацахад толгой нь хурэхээс, монголын эдийн засгийг хөл дээр нь босгоод аваад явахад чадал нь тохой дутаж байгаа мэт. Уг нь энэ бүхнийг засаж, дотроос нь ариусгах их боломжийг ардчилал бидэнд олгосон билээ. Ардчилал сонгодог хэлбэрээрээ хэрэгжсэн тохиолдолд сонгууль бүхний дараа бага багаар боловч дэвшил ирж, улс орны хөгжил зов гольдролдоо орж байх учиртай. Энэ явдал Монголд эс биелж байгаа нь нэг талаас зарим сонгогчид улс орны хэт хойч, үр хүүхдийнхээ ирээдүйг бодохоосоо амин хувийн өнөө маргааш чухалчилж, архины үнэ, 20 000 төгрөг төдийхнөөр саналаа зарж, бүр сүүлдээ царцаа болон „нисэж“ хүртэл цагаандаа гарч, эрхээ буруу эдэлж байгаа гажуудал, нөгөө талаас нэр дэвшигчдийн дунд улсын хөгжлийг түүчээлэн залж, он жилийн чанадад хүчирхэгжүүлэн авч явах ямар ч төлөвлөгөө, мэдлэг чадвар байхгуй, өөрийгөө болгоохын төлөө, эрх мэдлийн сүрээр бусдыг дарамтлан хахуулиар баяжих бусармаг бодол өвөрлөн улайрагчид олон байгаа нь тэр чигээрээ Монголд маань гай болж байна. Их эрх мэдлийг хариуцлага тооцохгуйгээр шуналт хүмүүст олговоос улс орон, ард түмнийг сүйрэлд хүргэдгийг бид үзэхээрээ нэг үзлээ. Эрхэм сонгогчид минь энэ мэт байдлыг сайтар эргэцүүлж одоо болох ерөнхийлөгчийн сонгуульд том амламтгай, шуналтай, түнтгэр түрийвчтэй нь биш шударга, чадалтай улсаа гэсэн бодолтой хүнийг ялж гарахад нь анхаарлаа хандуулж, ардчиллаа аврахад алхам ч болов дэвшил гаргахыг хичээгээрэй. Үүний тул сонгуулийн өмнө хаяж байгаа их мөнгөнөөс болгоомжилж, биднээс хулгайлсан мөнгө гэдгийг ямагт санаж, урхинд орохгуй байж, хамгийн гол шалгуур нь амьдралд хэрэгжихуйц, улс орны эдийн засгийг өөд нь татахуйц сайн мөрийн хөтөлбөр гэдгийг санан байж, зүйтэй сонголт хийгээрэй гэж ерөөе. Та бүхнийг минь зөв шийдвэр гаргахад мөнх хөх тэнгэр минь ивээх болтугай.
 
       Т. Батмэнд