sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Газарт байрлах амдан сөнөөх системийг ашиглан анх удаагаа тив алгасах баллистик пуужинг /ТАБП/ амжилттай харван унагаалаа гэж АНУ-ын БХЯ мэдэгдлээ.
 
Пентагоноос  гаргасан мэдэгдэлд “мягмар гарагт Маршалын арлууд дахь талбайгаас хөөргөсөн ТАБП-г Калифорни муж улс дахь Ванденбергийн агаарын цэргийн хүчний амдан сөнөөх системээр харван унагаасан” гэжээ.
 
Номхон далайн дээгүүрх “X-band” радараар туршилтын явцад хяналт тавьсан байна.
 
АНУ-ын БХЯ мэдэгдэхдээ “ТАБП-г харван унагаасан нь гайхамшигтай амжилт юм. Энэ нь АНУ бодит аюулыг сөрөн зогсох чадвартай болохыг нотлон харууллаа” гэв.
 
Үүнээс өмнө 1999-2014 онд газарт байрлах амдан сөнөөх системээр пуужин харван унагаах туршилтыг нийтдээ 17 удаа хийснээс 9 нь амжилттай болж байжээ.
 
Умард Солонгос цөмийн болон ТАБП-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ үед АНУ ийм туршилт хийлээ.
 
АНУ-ын эх газрыг хамгаалахын тулд Вашингтон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ боловсронгуй болгосоор байна. Тус улс энэ оны эцэс гэхэд Аляск муж улсад пуужинг амдан сөнөөх найман систем байрлуулахаар төлөвлөжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг