sonin.mn
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Золиосны бүлэг” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Батдорж манай сонинд хандлаа. Тэрээр уналт, таталтын улмаас группт байсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг онцлов.
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группт хамруулдаг заалтуудаас уналт, таталтынх нь хасагдсан гэлээ. Яагаад энэ заалт хасагдах болов?
 
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2008 оны хамтарсан тушаал байдаг. Энэ тушаалыг 2016 оны зургадугаар сарын 30-нд өөрчилж маш олон заалтыг хассан. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн тэмцлийн үр дүнд хасагдсан заалтуудаас 60 гаруй заалтыг эргээж сэргэсэн. 1500 орчим иргэн группдээ эргэж орсон. Энэ бол сайн хэрэг. Гэтэл заалт нь сэргээгүй хэсэг иргэд байгаа нь уналт, таталтын өвчтэй хүмүүс. Ялангуяа орон нутагт ийм хүн олон байна. Би өөрөө хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан хүн. 1988 оноос хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаар тэмцэж ирсэн. Энэ хүрээнд унаж, татдаг хүмүүсийг орон нутагт группээс нь хэрхэн хасч байгаа талаарх хэд, хэдэн хуралд сууж ажиглагч хийлээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суусан. Тухайлбал, Өмнөговь аймагт гэхэд найман настайгаа унаж эхлээд 22 жил болсон залуу байна. Тархины гэмтлээс болж 22 жилийн турш эм ууж, группт байсан залуу. Түүнийг аймгаас нь Улаанбаатар хот “Альпа долгион” гэх эмнэлэг рүү очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж ир. Дүгнэлтийг үндэслэж группт оруулах эсэхийг шийднэ гэсэн байгаа юм. Хөөрхий залуу ах дүүгийнхээ тусламжаар хотод ирж “Альпа долгион” эмнэлэгт ирж 70000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Өмнө нь ч өгч байсан. Тэгэхэд группт байх ёстой гэж дүгнэж байсан эмнэлэг. Гэтэл энэ удаа өмнөх дүгнэлтээсээ 180 хэм эргэсэн шийдвэр гаргасан байсан.
 
-Тодруулбал?
 
-Энэ хүн уналт, таталтын эмгэггүй. Хуурамчаар унаж татдаг. Уналт, таталт гэдэг өвчин ямар байдаг вэ гээд зураг харуулахдаа түлэгдсэн, шарагдсан, хөл гараа хугалсан аймшгийн зургууд үзүүлээд “Энэ бол жинхэнэ уналт, таталт. Та 22 жил болоход ерөөсөө ингэж гэмтэж байгаагүй. Энэ бол хуурамч уналт. Тиймээс группт орох шаардлагагүй” гэж дүгнэлт гаргасан. Ийм дүгнэлт өвчтөний хувьд үнэхээр хүнд 22 жилийн турш эм уудаг, анх нэгээр уудаг байсан бол дөрвөөр ууж байгаа хүн яахаараа худлаа унасан болж таарах вэ. Арчаагүй хүмүүс л унахдаа гэмтэл түлэгдэл авдаг. Асаргаа сайн, ар гэр нь тэтгэж явдаг хүмүүс өөрсдийгөө золиослон өвчтэй хүнийхээ араас явдаг. Над дээр яг ийм асуудлаар 13 өргөдөл ирээд байна. Энэ талаар би “Альпа долгион” эмнэлгийн эмчтэй уулзсан. Гэтэл надад “Сүүлийн үеийн аппарат оруулж ирсэн. Ганцхан энэ аппарат л Монголд үнэнийг хэлнэ. Энэ аппарат орж ирээгүй байхад өмнө нь орж байсан хүмүүс худлаа унаж татдаг байсан” гэсэн.
 
-Цаашид яах ёстой вэ?
 
-Хуурамчаар унаж татдаг байя гэвэл эрүүл хүн ч унаж болох нь. Гэтэл хүчтэй эмийг 22 жил уугаад татаад унаад явах чинь жүжиглэлт үү. Би энэ заалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана. Бас Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ асуудлаар тууштай явна. Би нэг хүн группт оруулах асуудал биш өвчтэй хүний хууль ёсны заяагдмал эрхийн төлөө хандах гэж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин