sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын Тамгын газраас О.Баасанхүү гишүүнд өнөөдөр албан өрөөгөө суллаж өгөхийг хүссэн албан тоот ирсэн байна. Тэрбээр одоогийн байдлаар Төрийн ордны коридорт ширээ сандлаа байрлуулаад байгаа аж. Тиймээс энэхүү мэдээллийг хийж байна гэдгээ О.Баасанхүү гишүүн мэдээллийнхээ эхэнд мэдэгдсэн юм.
 
Тэрбээр цааш хэлэхдээ, “Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж буй хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг эсэргүүцсэн. Учир нь тус хуулийн хүрээнд Хятадын банк орж  ирэх гэж байна гэсний төлөө Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нарын гишүүд намайг эрээ цээргүй дайрч давшилж доромжилсон.
 
Мөн эдийн засаг хүндэрсэн энэ үед Орхон аймагт хоёр ч жийп машиныг төсвийн хөрөнгөөр худалдаж авлаа гэж хэлсний төлөө өөрөө Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа жийп машин унасан хэмээн гүтгэсэн. Үүний зэрэгцээ ХХААХҮЯ, Сангийн яам зэрэг том барилгатай яамыг нийлүүлж байрыг нь нэгтгээч ээ гэсний хариуд өнөөдөр би өрөөгүй болчихоод байна” гэлээ.
 
Түүнчлэн тэрбээр МАХН-аас гарах гэж байна хэмээн нийтэд цацаж буй мэдээлэл нь ташаа мэдээлэл. Өнөөдрийн хийж буй мэдээлэл бол өрөөний тухай асуудал биш. УИХ дахь МАХН-ын ганц гишүүнийг ганцуурдуулж, хэн ч биш болгож байгаа асуудлын тухай юм" хэмээн залруулга хийв. 
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг