sonin.mn
СӨҮЛ./Yonhap/.Солонгос гаралтай Америкийн иргэн өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост баривчлагджээ. Ингэснээр Умард Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэдийн тоо гурав болсон байна.
 
АНУ-ын нэг иргэн баривчлагдсан гэсэн мэдээлэл үнэн болохыг Пхеньян дахь Шведийн ЭСЯ нотоллоо. Вашингтон болон Пхеньян хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй учир Шведийн ЭСЯ Умард Солонгост АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлдөг юм.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын иргэн Ким овогтыг АНУ руу явах гэж байхад нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд Умардын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.
 
Баривчлагдсан хүн нь Хятадын нэгэн их сургуульд багшилдаг байжээ. Чухам ямар учраас түүнийг баривчилсныг Умард Солонгосын тал тайлбарлаагүй байна.
 
Умард Солонгос үүнээс өмнө АНУ-ын хоёр иргэнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчилсан юм.
 
Пхеньяны хувьд Америкийн иргэний баривчилсан сүүлийн тохиолдлыг Вашингтонтой яриа хэлэлцээ хийх нөхцөл болгон ашиглаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Пхеньянд шахалт үзүүлсээр байгаа юм.
 
 Г. Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг