Их эмч Б.Гансайхан: Элэгний вируст гепатитын өвчлөл жилээс жилд эрчимтэй буурч байна

Нийтэлсэн: 2017-04-21 11:31:22

-Элэгний гепатитыг үүсгэгч вирус гэж юу вэ? Хэрхэн  яаж халдварлагддаг юм бол? 
 
-Манай улсад тодорхойлж байгаагаар А, Е вирус нь бохирын буюу ахуйн замаар халдварладаг, ард иргэдийн хэллэгээр бол бохир гарын “шар” өвчин юм. Харин B,C,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар  дамжсан халдвар, мөн бэлгийн замаар халдаж болно. Гараа эсгэх, ил шарх, батга шахах тохиолдолд ч вирус халдварлах боломжтой. Хаанаас л цус гарч байна түүгээр халдана гэж ойлгох хэрэгтэй. Маникюрын мах авдаг багаж, шүдний чигчлүүр, үсний сам, сахлын татуурга гээд хаагуур арьс гэмтэж цус гарч байна түүгээр халдах эрсдэлтэй. Дээх нь үед “тариурын шар”-аар их халдварладаг байсан. 1960,1970-аад оны үед шилэн тариураа айлаас айлд дамжуулан хэрэглэснээр халдвар маш их  тархсан гэж үздэг. Одоо нэг удаагийн тариур хэрэглэж байгаа ч маникюр, гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх, чих цоолох, косметик хагалгаа, шүдний эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар дамжих эрсдэл өндөр байна.
Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт 16-аас дээш насны сүүлийн 6-8 сарын дотор халдвар авсан өвчтөнүүд хэвтэж эмчлүүлдэг. Залуучууд, өсвөр насны хүүхдүүдийг ямар замаар халдвар авсан бэ, халдвар авах магадлалтай үйлдэл хийсэн үү гэхээр зарим нь ямар ч тийм зүйл болоогүй гэж хариулдаг боловч халдвар авчихсан байна гэдэг нь бэлгийн замаар юмуу, эсвэл сүүлийн үед мансууруулах бодисын хэрэглээ ихэссэнтэй холбоотой байх магадлалтай.
Монгол Улсад 1991 оноос хойш B вирусын вакцин хийж эхэлсэн. Гэтэл 1991 онд төрсөн хүүхдүүд өдгөө 26 настай. Энэ хүмүүс вакцин хийлгэсэн болохоор өвдөхгүй гэж бодоод санаа амардаг. Гэвч вакцинтай хэрнээ вирусын халдвар аваад байгаа. Яагаад вэ гэвэл вакцины нөлөөллийн хугацаа нь 10-15 жил байдаг. 14-15 настай, 20-той хүүхдүүд өвдөөд байна гэдэг нь вакцины хамгаалах хугацаа нь дууссантай холбоотой.
Өвөрмөц дархлаажуулалтгүй буюу вакцингүй нь C, E вирус. В вирусын вакцин хийлгэж байгаа хүмүүс бол В, D (дельта) хоёр вирусаас зэрэг хамгаалж байгаа юм. А вирусын вакциныг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн товлолтод оруулсан. Товлолтод оруулсан вакцинд хүүхдийг 1 нас 1 сартайд эхний тун, 2 настайд хоёр дахь тун гэх мэт заавал хамруулах ёстой байдаг. 
Үүнээс өмнө сахиуртай, сахиургүй шар өвчнөөр шаналсан олон хүүхэд манай тасагт хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо хүүхэд бохир гарын шараар өвдөхөө байсан. Үүнд вакцинаас гадна цэцэрлэгийн хүүхдүүдийн гар угаалт сайжирсан нь их нөлөөлсөн. А вирусын халдварын тохиолдол илт буурсан нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол сайжирсантай ч холбоотой. Энэ жил гэхэд манай тасагт А вирусын халдвар авч эмчлүүлсэн тохиолдол гараагүй байх жишээтэй.
Жилээс жилд гепатитын өвчлөл буурч байна. С вирусын эмчилгээ шийдэгдсэн. Хамгийн бүрхэг, эмчилгээ нь тодорхойгүй хэцүү вирус D вирус л байгаа.
Элэгний гепатит үүсгэгч А, B, C, D, E вирус хүний цусанд ороод сонгомлоор элгийг очиж гэмтээгээд, элэгний эсийн задралыг идэвхжүүлж өвчлөл үүсгэдэг юм.
 
-Бэлгийн замаар халдах халдварыг бууруулах талаар эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөгөө өгдөг вэ? 
 
-Мэдээж аюулгүй бэлгийн харьцаа чухал. Гэхдээ удаан хугацаанд хамт байгаа хосуудад, эсвэл гэр бүл болсон хүмүүст бэлгэвч хэрэглэхийг урьтал болгон зөвлөөд байдаггүй. Вирус халдварлагдаагүй тохиолдолд вакцинаа л зөвлөдөг. Нэн түрүүнд шинжилгээнд хамрах хэрэгтэй. Ямарваа нэг халдварт өвчнөөр өвдсөнөөс хойш сарын дараа вакцин хийлгэнэ гэсэн заалттай байдаг.
 
-В вирусын вакцин хийлгэхийн өмнө вирусгүй гэдгээ нотлох цусны шинжилгээг хийлгэх ёстой. Зөвхөн вирус байгаа эсэхийг үзүүлэх ёстой юу эсвэл илүү нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юу? 
 
-Эрүүл мэндийн яамнаас сайн дурын дархлаажуулалтад хамрах хүсэлтэй хүмүүст зориулан зөвлөмж гаргасан байгаа. Шинжилгээний хариу эерэг сөрөг гарахаас гадна чухал нэг зүйл нь вирусын халдварын дархлаа тогтсон байна уу, урьд өмнө нь вирусын халдвар авч байсан байна уу үгүй юу гэдгийг шинжилгээгээр тогтоож болдог. Үүний тулд HBsAg, αHBc, αHBs гэсэн гурван үзүүлэлтийг цөмийг нь шалгаж өгөхийг шинжилгээ өгч байгаа лабораториосоо хүсэх хэрэгтэй.
Вирус тоолуулах шинжилгээг бол вирусын эсрэг эмчилгээ хийлгэх зорилгоор идэвхжлийг нь үзэхийн тулд хийлгэдэг. Хэрвээ тоологдохгүй байвал вирус идэвхгүй байна гэж үзээд вирусын эсрэг эм уухаа азнах хэрэгтэй. 
 
-Эрүүл мэндийн даатгалаар оношилгоо эмчилгээ хийлгэх боломж хэр байдаг вэ?
 
-ЭМД-аар элэгний эмгэгийн бүх оношилгоо эмчилгээг авах боломжтой. Манай  ХӨСҮТ-д дараалал ихтэй л гэхээс вирус тоолох, биохимийн, маркерын шинжилгээ  хийж байна. Жишээлбэл, харвони эм, уухын өмнөх шинжилгээ зэрэгтэйгээ нийлээд өртөг зардал хоёр сая төгрөг давж байсан бол одоо ЭМД-аар хөнгөлөөд 540 мянга орчим төгрөгөнд багтаж байна.
 
-Эм, эмчилгээний олдоц хэр сайн бэ?
 
-Бүх аймгуудын халдвартын эмч нар хоорондоо холбоотой ажилладаг. Өрхийн эмнэлгээрээ ч дамжуулан дүүргийнхээ халдвартын эмч нартай холбогдоод эмчилгээ, эм авах бүрэн боломжтой.
 
-З сая гаруй хүн амтай улс гэхэд 400 мянга гаруй нь  элэгний вирусын халдвартай байна гэдэг нь аймшигтай тоо гэж ярих боллоо. Энэ тоо урьд өмнөх өвчлөлийн байдалтай харьцуулахад ямар үзүүлэлт вэ? 
 
-Эрүүл мэндийн статистикийн баталгаат тоог харах хэрэгтэй.Гадуур хувийн эмнэлгүүд, Хаппи Вэритас зэргээр явж байгаа тоо сэлт байгаа байх Манай цочмог халдварын тасгийн хувьд өвчлөл сүүлийн үед маш эрчимтэй буурч байгаа нь мэдэгдэж байна. Гэхдээ өөрийгөө вирусын халдвар авснаа мэдэхгүй явж байгаа хүн ч олон бий. Бусад улс оронтой харьцуулахад манай улс вируст гепатитын халдвараар өндөр гэж явдаг.
 
-Элэгний вирустай хүн бүрэн эдгэрэх боломжтой юу?
 
-Эдгэрэлгүй яахав. Цочмог вирусын гепатит буюу сүүлийн 6-8 сард халдвар авсан өвчтөнүүд манай тасагт хэвтэж эмчлүүлээд, шар нь буугаад сайхан болоод гардаг. Өвдсөнөөсөө хойш 6 сарын дараа маркер өгч вирус арилсан эсэхийг шалгуулж цаашид жилийн хугацаанд хяналтанд байдаг. В, D вирусын ко болон супер халдвартай өвчтөнүүдийн хувьд насан туршдаа хяналтанд байх ёстой.
Вирусын архаг гепатиттай биш, хурц цочмогоор өвдөж халдвар авсан тохиолдолд зарим залуучуудын элгэнд 6-7 сарын дараа вирус өөрөө байхгүй болсон байдаг. Ямар ч эмчилгээ хийлгээгүй байхад шүү дээ. Энэ бол өөрийнхөө дархлаагаар вирусээ ялсан байна аа гэсэн үг. 95-98 хувь эдгэрэх боломжтой.
Хүмүүс эмчлүүлснийхээ дараа өөрсдөө гамаа сайн барихгүй, архи дарс уудаг, даарч хөрдөг, ядардгаасаа болоод дахин сэдрээж байгааг эс тооцвол цочмог хурцаар өвдсөн тохиолдолд бүрэн эдгэрдэг.
Ард түмний дунд нэг буруу ойлголт байдаг. “Би нэгэнт вирусын халдвар авчихсан. Алга болдоггүй юм гэнэ билээ. Хаашдаа өнгөрсөн” гээд яриад явж байдаг. Огтхон ч тийм биш. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Вирусын эсрэг эмчилгээгээ хийлгээд, дархлаагаа сайжруулаад, хоол ундны дэглэмээ сахиад явахад асуудалгүй болсон. Ялангуяа С вирусын асуудал бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. Жаахан асуудалтай байгаа нь D вирусын халдварын эмчилгээ. Дельта вирус хүний биед дангаараа оршдоггүй, заавал В вирустай хавсран байдаг хоруу шинжтэй. Ко халдвар, супер халдвар хавсарсан өвчтөнүүдийг В вирусын эсрэг эм уулгаад, В вирусын эмчилгээ хийгээд явахад түүнийгээ дагаад дельта вирус арилах магадлалтай. Биферон лаа гэж бий. Энэ лаа вирусын цочмог халдвар авсан хүүхэд залуучуудад маш үр нөлөөтэй эмчилгээ болж байгаа.
 
-Вирусын халдварт ямар хүмүүс хамгийн өртөмтгий байгаа вэ? 
 
-20 гаруй насныхан.
 
-Вакцингүйгээр тухайн хүн өөрөө хэрхэн вирусын халдвараас урьдчилан сэргийлж болох вэ? 
 
-Цочмог халдвараар өвдсөн хүмүүсийн хувьд ямар ч байсан нэг сар хэвтэж эмчлүүлнэ. Харин эмнэлгээс гараад өөрийгөө бүрэн эдгэрэх болоогүй гэдгийг санаж байх л хэрэгтэй. Залуу хүмүүс учраас гадаа тоглож наадахдаа даарч хөрнө, салхи авна. Тэр бүү хэл ууж идэж наргиад өвчнөө сэдрээчихдэг тохиолдол бий. Ийм тохиолдолд вирусын архаг халдвартай болох эрсдэл байна. Диспансерын хяналтын эмчийнхээ заасан хугацаанд нь ирээд шинжилгээнд хамрагдаж явах нь зүйтэй.
Элэгний өвчлөл цочмог халдвар, архаг халдвар, цирроз, хавдар гээд 10, 10 жилээр хүндрээд явчихдаг. Шинээр халдвар авсан бол архаг болгочихгүй, цирроз руу шилжчихгүй эмчилгээгээ тухай бүрт нь хийлгээд явах хэрэгтэй.
Цирроз бол вирусын архаг халдвараас, эсвэл архины, хортой нөхцөлд удаан жил ажилласны хор уршгаар элэг хатуурдаг. Элэгний хатуурлыг вирусын шалтгаантай вирусын бус шалтгаантай гэж хоёр ангилдаг.
Өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэлт бол ариутгал муутай багаж хэрэгслээр гоо сайхны зорилготой тарилга, шивээс, маникюр педикюрын үйлчилгээ авах болон замбараагүй бэлгийн хавьтлаас татгалзаж явах.
Хугацаат цэргийн алба хаасан залуучууд халагдахынхаа өмнөх өдөр бүгд нэг зүүгээр дамжуулаад адилхан шивээс хийлгээд вирусын халдвар авсан тохиолдол байдаг. Иймээс элгээ эрүүл байлгах, вирусын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд шаардлагагүй үед өөрийгөө халдварын эрсдэлд оруулахаас зайлсхийж явах хэрэгтэй.
 
Б.Амарсайхан
Эх сурвалж : Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: