sonin.mn
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн хүрээнд олон нийтийг уриалж сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд анхаарлыг нь хандуулах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг “Бизнесээ сайжруулах-зээлийн боловсрол” сургалтанд хамруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, Дэлхийн сүүний өдөр болон Намрын ногоон өдрүүд зэрэг арга хэмжээг хамтарч зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм байна. Уг санамж бичгийн зорилго нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ” гэсэн стратеги зорилтыг хэрэгжүүлэх мөн салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлийг Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийн ажлыг Шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, эрдмийн зэрэг горилооч нартай сэдэв, судалгаан дээр хамтрах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг таниулан сурталчилах, төрөл бүрийн сургалт, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах замаар иргэдэд Экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд оршино.
 
Нийслэлийн хэмжээнд 39.8 мянган саалийн үнээнээс 80.5 сая литр  сүүг иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Эрчимжсэн сүүний 225 фермтэй бөгөөд нийслэл хот нь өөрийн хэрэгцээт шингэн сүүний 55 хувийг хангаж байгаа юм. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүн 10 хувийг эзэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.