sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ач санах хууль”-ийг батлуулж, ахмадуудад “Насны хишиг” тэтгэврийг олгож эхэлсэн бөгөөд энэ хишгээ авч амжаагүй азай буурлууд энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө нөхөн авч болно.
 
Өнөөдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын Хурлын танхимд ахмад настанд “Насны хишиг”-ийг нь олгож эхэлсэн талаар мэдээлэл хийв. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт оруулж, Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгохоор хуульчилсан. Тухайлбал, 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай бол 80 мянга, 80-89-тэй настанд 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 төгрөгийг тус тус олгох юм.
 
Тухайн насны болзол хангасан ахмад настнууд сум, хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Иргэний үнэмлэх болон батлагдсан маягтын дагуу өргөдлөө гаргах юм. Монгол Улсын төсөвт 20,5 тэрбум төгрөгийг “Насны хишиг”-ийн зардалд зориулан тусгаж 122 мянга орчим ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
 
Улсын хэмцээнд “Насны хишиг” авах өргөдөл гаргасан 65-69 насны 42096 ахмад, 70-79 насны 52403, 80-89 насны 17559, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 114424 ахмад настанд уг хишгийг олгох жагсаалтыг 21 аймаг, 9 дүүрэг дэх харилцагч Хаан банк, Төрийн банк, Капитал банкуудад илгээсэн байна. Нийтдээ 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн бөгөөд ахмадууд энэ сарын 20-ноос “Насны хишиг”-ээ авч эхэлжээ.
 
  
 
Энэ үеэр ХХҮЕГ-ын Дэд дарга Т.Бадрахбаяртай уулзаж ахмад настнуудад "Насны хишиг" олгож байгаатай холбогдуулж зарим зүйлийг тодруулсан юм.
 
-Ямар нэг шалтгаанаар бүртгүүлж амжаагүй ахмад настнууд “Насны хишиг”-ээ нөхөж авах боломж бий юу?
 
Харин болзол хангасан нийт настны 96,5 хувь бүртгэгдсэн бөгөөд 4000 орчим гадаадад байгаа болон бусад шалтгаанаар бүртгүүлж амжаагүй байна. Энэ ахмадууд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө өргөдлөө өгч нөхөн авч болох юм.
 
-Тухайн ахмад настаны төрсөн он, сар, өдрөөс хамаарч зарим ахмад настан аль насны ангилалд орох тодорхойгүй байх магадлал бий. Үүнийг яаж тооцож “Насны хишиг”-ийг олгож байгаа вэ?
 
Мөн насны хувьд аль ангилалд орох асуудлыг тухай бүрд цахим бүртгэлээс зохицуулж байх бөгөөд цагаан сарын хувьд хэлбэлзэл бий. Энэ жилийн хувьд шинийн нэгний өдөр болох хоёрдугаар сарын 27-нд болон энэ өдрөөс өмнө, хойно төрсөн гэдгээр насыг нь тооцоод олгоно. Харин үндэсний баяр наадмын хувьд бол тогтсон хугацаанаас өмнө, хойно гэдгээр насыг нь тогтоох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг