sonin.mn
КИЕВ. /TASS/. Майданы үйл явдлын гурван жилийн ойд зориулан Киевийн төвд болж буй арга хэмжээнд оролцогчид Владимир Гройсманы тэргүүлсэн Засгийн газрыг огцрохыг шаардав. 
 
“Украины одоогийн Засгийн газар Украиныг эрчим хүчний хувьд Оросоос улам их хараат байдалд орууллаа” гэж жагсагчид үзэж байна. Үүнтэй холбоотойгоор цуглаанд оролцогчид Гройсманы сайд нарын танхимыг огцрохыг дэмжжээ. Тухайлбал, Засгийн газар Волынийн гүний уурхайг зориудаар дампууруулж, улмаар олигархуудад зарахаар санаархаж байна гэж буруутгажээ.
 
Үүний өмнөхөн Волынь мужийн уурхайчид Бужаны улсын уурхайгаас нүүрс олборлоход дэмжлэг үзүүлэхийг Украины Засгийн газарт хандан хүсч байв. Тэдний хэлснээр, тэндээс олборлож буй нүүрсний хэмжээ одоогийнхоос 3 дахин их байх боломжтой ажээ. “Өнгөрсөн онд Сайд нарын танхим тус уурхайг хувьчлахыг зөвшөөрсөн ба түүнээс хойш тэнд  хачирхалтай зүйлүүд гарах болжээ. Өмнө нь хоногт 700-600 тонн нүүрс олборлож байсан бол одоо болохоор ердөө 300 тонн хүрэхтэй үгүйтэй хэмжээний нүүрс олборлож байна” гэж уурхайчид ярьсан байна. Тэдний хэлснээр, тус уурхай хоногт 1000 тонн нүүрс олборлох хүчин чадалтай аж.
 
Киев хотын төвд гурван жилийн өмнө болсон эмгэнэлт үйл явдалд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилсээр байна. Майданд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн хүмүүсийн дунд Донбассын районыг бүслэх нь зүйтэй гэж үздэг хүмүүс ч мөн байжээ. Тэд саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын байрны өмнө  өмнө майхан барихын тулд хүчний байгууллагуудынхантай багахан мөргөлдөөн үүсгэсний улмаас 5 хүн саатуулагдаж, 10 хүн шархдаж, нэг цагдаа ноцтой гэмтэл авчээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг