sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Европын парламент Бельгийн Ерөнхий сайд асан Ги Верхофстадт-ын санал болгосон Европын Холбооны /ЕХ/ төвлөрлийг бэхжүүлэх, ЕХ-нд Сангийн сайдын албан тушаалыг бий болгох, мөн Европын нэгдсэн арми байгуулах тухай тогтоолыг дэмжлээ.
 
Ноён Г.Верхофстадт бол "Брексит"-ийн асуудлаарх яриа хэлэлцээг хариуцсан хүн юм. Дээрх тогтоолыг батлахыг Европын парламентын 283 гишүүн дэмжиж, 296 эсэргүүцэж, 83 депутат түдгэлзжээ.
 
Европарламент уг тогтоолыг баталсан явдал нь ЕХ-ны суурь гэрээг шинэчлэх эхлэл болж магадгүй юм.
Бельгийн улс төрчийн үзэж байгаагаар, ЕХ нь дотроо ямар нэгэн асуудлаар тус холбооны бүх гишүүдийн дэмжлэгийг авахыг хүлээлгүйгээр олонх болсон орнуудын шийдвэрийг эн тэргүүнд тавьж байх хэрэгтэй ажээ. Харин сэтгүүлчдийн хийсэн дүгнэлтээр, Верхофстадт үнэн хэрэг дээрээ ЕХ-ны хамтын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, ЕХ-ны гишүүн орнуудын эрхийг нь хязгаарлах, бүрэн хасахыг уриалж байгаа аж.
 
Үүнтэй холбогдуулан, Европын Комиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммерманс хэлэхдээ "ЕХ-ны үндсэн гэрээнүүдийг өөрчлөх нь нэн тэргүүний асуудал биш" гэж мэдэгджээ.
 
Энэ онд ЕХ-ны гишүүн Франц, Герман болон Голланд улсад сонгууль болох ба эдгээр орнуудад явуулсан санал асуулгаар Европын Холбоог үгүйсгэгч популистууд хүн амын зүгээс ихээхэн дэмжлэг авна гэж найдаж байгаа аж. Тухайлбал, Францын “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен тус холбооноос гарна гэсэн британичуудын шийдвэр нь Европ даяар "даалууны нуралт" үүсгэнэ гэж үзэж байна.
 
Ги Верхофстадт Европын парламент дахь либерал эвслийг тэргүүлдэг бөгөөд ЕХ-г өргөжүүлэх, бэхжүүлэхийн төлөө тэмцдэг Европын федералист үзэлтнүүдийн удирдагч юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг