sonin.mn
Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр өнөөдөр "Олон улсын гэрээний тухай хуулиар Тавантолгойн гэрээг шийдэх гэж байна" гэх ярианд тайлбар хийлээ.
 
Тэрбээр, "Сүүлийн үед Тавантолгойн асуудлыг Олон улсын гэрээний тухай хуультай холбож яриад байна. Энэ бол огт үндэслэлгүй хардлага юм. Учир нь нэгдүгээрт Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулиар уг хууль зөвхөн Монгол Улсын Засгийн газар гадаадын аливаа улсын Засгийн газартай байгуулах гэрээнд хамаарна.
Харин Монгол Улсын Засгийн газар гадаад дотоодын компанитай байгуулах гэрээнд энэ хууль үйлчлэхгүй гээд заасан байгаа.
 
Өөрөөр хэлвэл энэ хууль нь Монгол Улсын Засгийн газрын байгуулахаар ажиллаж буй Таван толгойн гэрээнд хамаарахгүй. Хоёрдугаарт Таван толгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд УИХ-ын чуулганд тодорхой мэдээлэл хийсэн. Тэгэхдээ Тавантолгойтой холбоотой асуудлыг УИХ-аар оруулж байж шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн.
 
Иймд 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл 1993 оны хуулийг хүчингүй болгох хуулийн хамт “УИХ нь Засгийн газрын байгуулсан гэрээг хүчингүй болгох эрхтэй” гэх заалтыг нэмж оруулсан шинэ хуулийн төслийг өргөн барихаар манай яам ажиллаж байна" гэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг