sonin.mn
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч  Наоми Китахара өнөөдөр  ОБЕГ-т  өвөлжилт хүндэрсэн алслагдмал газрын охид, эмэгтэйчүүдэд зориулан тусламжийн багцыг гардууллаа.
 
Тэрээр хэлэхдээ, “Онцгой байдлын үед эдийн засгийн хүндрэлээс эхлээд зам харгуй хаагддаг. Үүнээс үүдэлтэйгээр охид, эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэлээ авч чадахгүйд  хүрдэг.Тиймээс НҮБ-аас ариун цэврийн бүтээгдэхүүнийг багцалж өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргүүлж байна. Нийт 160 сая төгрөгийн өртөг бүхий 2465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг  хүлээлгэж өглөө” гэв.
 
Одоогоор 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрсэн  мэдээ байна.  Цасны зузаан тал хээрийн бүсэд 15-25 см зузаан, харин уулархаг газраар 60-90 см-т хүрсэн аж.
 
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын  дарга хурандаа Б.Ууганбаяр ярихдаа, “Манай байгууллагад НҮБ-ын Хүн амын сангаас Тусламжийн багцыг түгээх зардлын хамт хүлээлгэн өглөө.  Маргааш  өвөлжилт хүндэрсэн сум, малчин өрхийн тоог эцэслэн гаргана. Энэ тоон мэдээллийг үндэслэн амралтын өдрүүдээс эхлэн тусламжийн багцыг тараана. Тусламжийн багцыг эзэнд нь хүргэхийн тулд ажлын хэсэг байгуулагдан хяналт таввж ажиллахаар болсон” гэлээ. 
 
 

Тусламжийн багцад ариун цэврийн хэрэглэл, нүүр, гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, шүдний оо, сойз, Халгай шампунь, зайгаар ажилладаг гар чийдэн зэрэг багтжээ.

 

 

Дашрамд дурдахад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Олон улсын байгууллагуудаас манай улсад нэг сая ам. долларын тусламж олгохоор болсон бөгөөд эдгээрт  бэлэн мөнгө, эм тариа, витамин, өвс тэжээл багтах аж.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг