sonin.mn
Өнөөдөр АШУҮИС дээр Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдийн багаас зохион байгуулсан " Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнийг бууруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.
 
Тус сургуулийн эрдэмтдийн багийн гишүүн АУ-ны доктор О.Чимэдсүрэн, доктор Д.Нарансүх, Сөүлийн үндэсний их сургуулийн доктор Кюонг Лий, доктор Г.Энхжаргал, доктор Л.Мөнх-Эрдэнэ, доктор Э.Эрдэнэчимэг нар судлагааны сонирхолтой илтгэлээ тавьж, БСШУСЯ, ЭМЯ, БОАЖЯ, МХЕГ, НЭМГ, НЭМХ, НЗДТГ, НБГ, НМХГ болон судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг судалснаар 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг нь нотлогджээ.
 
Жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас  өвдөөд улмаар үхэлд хүрдэг гэдгийг ч илтгэлдээ баримтаар дурдав.  Хүүхэд ихэвчлэн уушгины хатгалгаагаар,  насанд хүрэгчид  уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтаар нас барахад хүрдэг байна. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн байгаа хэмжээнд үргэлжлээд байваас  өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувь буюу 700 орчимд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоожээ.  2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо нийт нас барагсдын 20 хувьд хүрсэн бол сүүлийн хоёр жилд өвчлөл, үхэл өссөн үү гэхээс буураагүй гэдгийг ч эрдэмтэд анхаарууллаа. 
 
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Кюонг Лий багшаар удирдуулсан судлаачид монгол гэрийн  хэрэглэж ирсэн уламжлалт энгийн зуух, сүүлийн үеийн сайжруулсан зуух хоёроос гарах тоосжилт, утаа, тортог  ялгаатай байсныг тогтоосон байна. Сайжруулсан зуухны шаталт энгийн зуухныхаас илүү байдаг тул тортог, хөөний хэмжээ ихтэй байдаг байна. Энэ бол тун өөр өнцгөөс харсан сонин бөгөөд содон судлагаа байсан тул олны анхаарлыг ихэд татлаа. Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэгт тоосонцроос (РМ2.5) үүдсэн өвчлөл нилээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушигны хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 120-130 орчим тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1250 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна. 
 
Арга хэмжээ авалгүй, эсхүл цаг алдсаар байх юм бол  агаарын бохирдлоос болж 2017-2024 оны хооронд цаг бус, эрт баралтын тоо 13000-аар ихсэнэ гэдгийг ч эрдэмтдийн багийн илтгэлээс харж болно. Эрдэмтдийн хийсэн эрүүл мэндийн энэ аюул нүүрлэсэн судлагааг ЭМЯ, БОНХЯ онцгойлон үзэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж,  цогц, эрс шийдэмгий арга хэмжээ авахдаа тусгаасай гэж бодогдлоо. Нийслэлийн иргэд зөвхөн гадаа явахдаа хорддог гэж эндүүрдэг байна. Гэтэл гэр, байр дотроо илүү хордох нөхцөл бүрдсэнийг ч эрдэмтдийн судлагаа харуулав.  Амьдрах сууцны төрлөөр тооцон гаргахад нийт хүн амын нарийн ширхэглэгт тоосонцорын (РМ2.5) өртөлтийн жилийн дундаж хэмжээ 68 мкг/м3 (суурь түвшин) харин дотоод орчны 71.9 хувь, гадаад орчны 7.3 хувь, дам тамхидалтын өртөлт 20.8 хувь байгаа нь гэр, сууцны дотоод орчны агаарыг сайжруулах, дам тамхидалтыг анхаарах шаардлагатайг харуулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг