sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. “Оскар-2017”-г Жимми Киммел хөтлөх болжээ. 2017 оны 2 дугаар сарын 26-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин бөгөөд ток шоуны хөтлөгч хөтлөх гэж байна.
 
Ж.Киммел “American Music Awards”-аас гадна 2012 болон 2016 онд “Emmys”-ийн шагнал гардуулах ёслолуудыг хоёр удаа хөтөлж байв.
2016 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг Крис Рок хөтөлснийг 34.5 сая хүн үзэж сонирхсон нь өнгөрсөн найман жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт байлаа. 
 
Оскарын шагнал гардуулах ёслолыг өмнө нь Эллен Деженерс, Сет Макфарлейн, Вүүпи Голдберг болон Нейл Патрик Харрис нар хөтөлж байсан билээ.
Ж.Киммел 2003 оноос хойш “Jimmy Kimmel Live!” гэдэг шөнийн шоу ярилцлагыг хөтөлж байгаа юм. Тэрбээр өөрийнхөө шоунд алдартай одуудыг зочноор оролцуулж, тэдний талаарх доромжилсон утгатай жиргээнүүдийг уншуулдаг байна. Мөн уг шоунд “Halloween”-ы баяраар бүх шоколадыг нь идсэн гэж хүүхдүүддээ хэлэх үед тэдний гаргаж буй хөгжилтэй зан аашийг дүрс бичлэгт буулгаж авсан эцэг эхчүүд мөн оролцдог аж.  
 
Ж.Киммел “Pitch Perfect 2”, “Ted 2” зэрэг кинонуудад зэрвэс үзэгдээд өнгөрдөг бол “Sesame Street” болон “Entourage” зэрэг телевизийн шоунд оролцож байжээ.
2017 оны Академийн дээд шагнал гардуулах ёслолыг “American History X” болон “The Social Network” зэрэг киноны продюсер Майкл Де Лука болон Бен Аффлек, Мэтт Дэймон нарын байгуулсан “Pearl Street” продакшны ерөнхийлөгч Женнифер Тодд нар найруулах ажээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг