sonin.mn
СӨҮЛ./Reuters/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Samsung” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Note 7” гар утсыг гадаад, дотоодын зах зээлээс эргүүлэн татсантай холбоотойгоор үйл ажиллагааны орлого нь 30 хувиар эрс буурчээ.
 
Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 7.3 их наяд воны орлоготой ажилласан бол энэ оны мөн улиралд орлого нь 5.2 их наяд вон болж буурчээ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн орлого хамгийн доод түвшинд хүрч буурсныг харуулж байна.
 
“Note 7” шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй удаа гарсны дараа “Samsung” корпораци уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг бүрмөсөн зогсоосон билээ.
Тус компанийн ухаалаг гар утасны үйлдвэр өнгөрсөн улиралд 100 тэрбум воны үйл ажиллагааны орлого олсон нь 2008 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн доод үзүүлэлт бол өмнөх улирлынхаас 98 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
 
Бусад шинэ бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг сэргээх замаар алдагдлаа аль болох богино хугацаанд нөхөх болно гэж “Samsung” мэдэгджээ.
 
Ухаалаг гар утасны зах зээл дэх “Samsung” корпорацийн гол өрсөлдөгч болох Америкийн “Apple” компанийн борлуулалтын орлого 2001 оноос хойш анх удаагаа буурсан байна. “Apple”-ийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамагласнаас эрс зөрж, 9 хувиар бууран 46.8 тэрбум доллар болжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг