sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгост хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор АНУ тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Төрийн Департаментын туслах нарийн бичгийн дарга Скотт Басби мэдэгдэв.
 
Хүний эрхийг зөрчсөнийх нь төлөө Умард Солонгосын албаны хүмүүст хариуцлага хүлээлгэж, тэднийг хар жагсаалтад оруулах болно гэж тэрбээр өчигдөр Вашингтон хотод болсон зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Жагсаалтад оруулах хүмүүсийн нэрсийг 12 дугаар сард зарлах аж.
 
Хүний эрхийг зөрчихөд оролцсон гэгдэж буй Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон бусад өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг битүүмжлэх зэрэг хориг арга хэмжээг АНУ өнгөрсөн долдугаар сард авчээ. Тухайн үед Скотт Басби уг шийдвэрийг гаргахад оролцсон байна.
 
Энэ удаад Умард Солонгосын ажилчдыг хөлслөн ажиллуулдаг гадаадын компаниудад хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бололтой. Учир нь, Умард Солонгос гадаадад ажилчдаа илгээснээр валют нөөцлөх боломжтой болж, түүнийгээ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг ажээ. Тодруулбал, умард солонгосчуудыг ажиллуулдаг Хятад, Оросын аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авч магадгүй байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг