sonin.mn
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг "Miss World" буюу "Дэлхийн мисс-2016" тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо ирэх сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-нд болно.
 
66 дахь удаагийн тус тэмцээнд оролцох орон орны миссүүд тодорч эхэлсэн талаар  /www.missworld.com/ албан ёсны сайтад байршсан байна. Харин Монгол Улсыг төлөөлөн оролцох миссийн нэр хараахан тодроогүй талаар албаныхан хэллээ.
 
Энэ тэмцээн нь дэлхийн хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн юм.
 
Монголын гоо бүсгүйчүүдээс А.Сарнай одоогоос таван жилийн өмнө БНХАУ-д болсон "Дэлхийн мисс"-ийн тэмцээний шилдэг 25-д шалгарч байсан нь манай оролцогчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт аж.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Испани улсын гоо бүсгүй “Дэлхийн мисс”-ийн титмийг зүүсэн билээ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг