sonin.mn
Канад улсын Сюррей Мемориал эмнэлгийн ерөнхий мэс засалч, доктор Хью Парсонс тэргүүтэй эмч нарын баг сүүлийн 2 жилийн хугацаанд Канад Улсад төвтэй Лорелрел сан, Бритиш Колумбиагийн Их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ажиллан эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
 
Түүний энэхүү хувь нэмрийг үнэлэн ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг өнөөдөр гардууллаа. Энэ үеэр сайд  хэлэхдээ,  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулсан танд болон төслийн багийн нийт гишүүд,  Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Лорел сангийн гүйцэтгэх захирал, хатагтай Шонталь Тишоу нар ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдан талархаж, цаашид дээрх хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
 
Доктор Хью Парсонсын багийн эмч нар энэ сарын 18-30-ны хооронд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын тасаг, ХСҮТ болон Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран нүдний болор, торлог шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслыг 100 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй хийснээс гадна бусад нарийн мэргэжлийн мэс заслын эмч нартай хамтран толгой хүзүү, болон цээжний хөндийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгээд байна.
 
Канад Улсаас ирсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын баг нь дээрх мэс заслаас гадна Монголын нүдний эмч, резидент эмч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, шаардлагатай ном хэвлэл, зарим багаж хэрэгслийг манай улсад хандивлажээ.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг