sonin.mn
Цаг үеийн асуудлаар Хан-Уул дүүргийн АН-ын сонгуулийн ерөнхий менежер Ж.Батбаяртай ярилцлаа.
 
-Орон нутгийн сонгуульд оролцохоор нэрээ дэвшүүлсэн танай намын гишүүнийг бүртгэлээс хассан нь хууль бус хэмээн та бүхэн шүүхэд хандсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаач?
 
-ХУД-ын тойргийн сонгуулийн хорооноос гаргасан хууль бус шийдвэрийн тухай ярих нь зүйтэй. Уг нь тойргийн сонгуулийн хороо хамтын шийдвэр гаргадаг, төрийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулахад чиглэж ажилладаг байгууллага. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад сонгуульд оролцох ижил, тэгш бололцоо олгох учиртай юм. Манай дүүргийн сонгуулийн тойргийн хороо байгуулагдсан цагаасаа эхлэн эргэлзээтэй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгааг хэлэх ёстой.
 
Тухайлбал, АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 35 хүнийг бүртгэж авсан тухай тогтоолыг энэ сарын 6-нд тогтоолоор баталгаажуулсан. Үүний дараа МАН-аас сонгуулийн тойргийн хороонд ХУД-ын 12 дугаар хороонд нэр дэвшигч А.Гантулгатай холбоотой гомдол гаргасан байдаг. Гэтэл энэ асуудлыг тойргийн хороодын гишүүдтэй хэлэлцэлгүйгээр тус хорооны дарга н.Ичинноров гэдэг хүн МАН-д албан бичгээр хариу мэдэгдсэн байгаа юм.
 
-Чухам ямар утгатай албан бичиг хүргүүлсэн юм бэ?
 
-Уг бичигт дурдсанаар АН-аас нэр дэвшигч А.Гантулгыг сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэх болно гэсэн агуулгатай. Үүний дараа буюу маргааш нь тойргийн хорооны гишүүдийн хурал зарлан нэр дэвшигч А.Гантулгыг хасах шийдвэр гаргасан байдаг. Энэ нь хууль бус гэдэг нь нотлогдсон. Тиймээс шүүхэд гомдол гаргаж байна. Ер нь сонгуулийн тойргийн хороо өөрийн үзэмжээр шийдвэр гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс хууль бус шийдвэрээ эргэж харахыг хүсч байна.
 
-Нэр дэвшигчийг хасах тухай шийдвэрийнхээ үндэслэлийг хэрхэн тайлбарласан юм бол?
 
-Энэ шийдвэрийг гаргахдаа хуулийн үндэслэлгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал, А.Гантулга нь өмнө нь НИТХ-ын сонгуульд оролцсон байж болзошгүй, дээрх сонгуульд оролцогчдийн нэрсийн жагсаалтад түүний нэр бүртгэгдсэн байж болзошгүй гэсэн тайлбар тавьж байгаа нь хууль зөрчих үндэслэл гэж харж байна. Манай намын зүгээс иргэн А.Гантулга нь Монгол Улсын сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлэн оролцох эрхтэй гэж үзэж байгаа.
 
Хэрэв сонгуульд оролцуулахгүй гэж байгаа бол хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн тухай мэдээллийг тодорхой гаргах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсч нэр дэвшигч А.Гантулга хууль хяналтынбайгууллагад хандсан байгаа. Мөн намын зүгээс ч шүүхийн байгууллагад хандсан.
 
-Та бүхэн сонгуулийн тойргийн хорооны өөр нэг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан. Үүнийг тодруулаач?
 
-ХУД-ийн сонгуулийн тойргийн хороо хуралдан бие даагчдыг бүртгэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Хамгийн гол нь бие дааж нэр дэвшигчдийг буруутгахыг хүсээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед бүртгэл явуулахдаа тойргийн хороо ирц бүрэн бус үед шийдвэр гаргасан нь ноцтой алдаа гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргийн хороо есөн гишүүнтэй. Тэд шийдвэр гаргахдаа ердийн олонх буюу нийт гишүүдийн гуравны хоёр буюу зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлын шийдвэр гаргах учиртай.
 
Гэтэл бие даагчдыг бүртгэх үедээ таван гишүүнтэйгээр нэр дэвшигчдийг бүртгэсэн байдаг. Тиймээс энэ удаагийн хууль бус шийдвэртэй нь холбоотойгоор ХУД-ийн сонгуулийн тойргийн хорооны хууль бус шийдвэрийг хянаж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ бүх асуудлыг нэгтгэн ХУД-ын сонгуулийн тойргийн хорооны дарга н.Ичинноровт арга хэмжээ авч өгөөч гэдэг хүсэлтийг тойргийн сонгуулийн хороонд тавьж, шаардлага хүргүүлсэн. Үүний хариуг гурав хоногийн дотор хариу ирүүлэх учиртай.
 
-Ер нь тойргийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дээд шатны байгууллагад мэдэгдэх боломж бий юу?
 
-Сонгуулийн тойргийн хороо гэдэг бол бие даан шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр дээд шатны сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргах үндэслэл байхгүй. Тиймээс тухайн байгууллага нь өөрийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээдэг юм. Гэхдээ манай штабын зүгээс Сонгуулийн ерөнхий хороо болон Нийслэлийн сонгуулийн хороонд ямар асуудал гарч байгааг мэдэгдсэн.
 
-Тойргийн хорооны даргад хариуцлага тооцох эрх бүхий байгууллага байхгүй гэж ойлгож болох уу?
 
Одоо гарч байгаа асуудлыг шат шатны сонгуулийн байгууллагад тавьж байгаа. Хамгийн гол нь сонгуулийн тойргийн хороо нэр дэвшигчдийг бүртгэхээс эхлэн хууль зөрчсөн үйлдэл гаргаад эхлэхээр орон нутгийн сонгууль шударга болно гэх баталгаагүй болж байгаа юм.
 
-Хэрэв сонгуулийн дараа ХУД-ийн сонгуулийн тойргийн хороо хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргавал, гарах үр дагаварыг нь та хэрхэн харж байна?
 
Сөрөг харж байна. Тухайлбал тойргийн хорооны шийдвэрээс олон мянган сонгогчдын санал, нэр дэвшигчид, улстөрийн нам эвслийн эрх ашиг хөндөгдөнө.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин